Бээжинд болж байгаа Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлыг сурвалжилж байсан сэтгүүлч эмэгтэй Лян Шянигийн царайны хувирал өчигдөр Хятадын интернэтийг байлдан дагуулж, улмаар засгийн газраас хориг тавихад хүрсэн байна.
Өөр нэг сэтгүүлчийн тавьсан нуршуу, урт асуултаас залхаж, дургүйцэж байгаагаа тэр нүүрний хувирлаараа илэрхийлсэн нь хэвлэл мэдээллийн сувгуудаар тарж, улмаар интернэтэд түүнийг од болгосон юм. Лян бүсгүйн дүрсийг ашигласан хөдөлгөөн зураг, хошигнолууд интернэтээр хүчтэй тархсан байна.
Лян өөрөө цэнхэр өнгийн хувцастай байсан бол түүний дургүйг хүргэсэн сэтгүүлч эмэгтэй улаан өнгийн хувцастай байсан нь Хятадын Коммунист Намын уйтгартай, урт удаан үргэлжилсэн хуралд хандах иргэдийн хандлагыг илэрхийлсэн зүйл болжээ.
Өчигдөр өглөө уг үйл явдал болж өнгөрсөн бөгөөд тэр өдөртөө Хятадын хэвлэлүүд энэхүү дүрсийг хориглож, интернэтэд сэтгүүлч эмэгтэйн нэрээр хайлт хийхийг бас хориглосон байна.
Лян сүүлд энэ тухай ярихдаа хажуудаа зогсоо сэтгүүлч эмэгтэйн “тэнэг, утгагүй асуултаас залхсан” тул ийм царай гаргасан гэжээ. Лян Шанхай хотод үйл ажиллагаа явуулдаг Yicai бизнес сувагт ажилладаг гэнэ.
Бээжинд хоёр долоо хоног үргэлжлэх Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурал нь тус улсын парламентад тооцогддог бөгөөд шинэ оны эдийн засгийн төлөвлөгөөг баталж, цаашдын улс төрийн бодлогыг тодорхойлдог юм. Энэ үеэр Хятадын эрх баригчид олон нийтийн дунд тогтворгүй байдал үүсэхээс сэргийлж, хяналт шалгалтыг чангатгадаг.
Хятадын интернэт хэрэглэгчдийн дунд тарсан хошигнолуудаас: