Крипто валютын үндэс болох блокчэйн технологид зориулсан анхны хөшөөг Словени улсад өчигдөр нээжээ. Хөшөөг тус улсын дөрөв дэх том хот Краньд босгосон байна. Гурван тонн жинтэй, долоон метр диаметртэй дугуй хэлбэрийн металл байгууламж дотор биткоины билэгдлийг мөн металлаар дүрсэлжээ.
Дугуй байгууламж дотор ямар билэгдэл байрлуулахыг олон нийтийн санал асуулгаар шийдсэн гэнэ. Словений нийслэл Люблянагаас хойд зүгт 30 км зайтай Крань хотод технологийн олон компаниуд байрладаг.
Блокчэйний хөшөөг босгох зардлыг тус улсын хоёр компани гаргасан байна. Тэд хоёул блокчэйн технологийн чиглэлээр ажилладаг. Нэг нь програм хөгжүүлэлтийн 3fs компани бол нөгөөх нь крипто валютын арилжааны Bitstamp компани ажээ.