Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын XIII чуулган олон улсын анхаарлыг татсаар байна. Уг чуулганы хүрээнд өнөөдөр болсон IV уулзалтын үеэр, магни, төмс зэрэг орон нутгийн бүтээгдэхүүн олны анхаарлыг татсан тухай өмнөд хөршийн хэвлэлүүд мэдээлжээ. Тэр тусмаа монгол үндэсний хувцастай төлөөлөгч хурлын гол баатрын нэг болсон нь сонирхолтой байх болов уу.
БХАТИХ-ын төлөөлөгч, Хөхнуур мужийн монгол, түвд үндэстний өөртөө засах жөүгийн дарга, Цайдамын эдийн засгийн туршилтын бүсийг удирдах комиссын дарга Мэн Хай гадаад дотоодын хэвлэлд ярилцлага өгөх үедээ өврөөсөө тал дугуй хэлбэртэй магни гаргаж ирж үзүүлжээ. Тэрээр “Энэ бол Хөхнуурын давснаас кали гаргаж авсны дараа, дахин боловсруулах замаар бүтээсэн магни юм. Цайдамын хотгорт орчин үеийн аж үйлдвэрийг хөгжүүлэх явцад хаягдлаа ховор эрдэнэ болгож байна” хэмээн ярьсан байна.
Мөн БХАТИХ-ын төлөөлөгч, Юньнаны хөдөө аж ахуйн их сургуулийн хүндэт захирал, Хятадын Инженерийн академийн академич Жү Юн гэгч төлөөлөгчдийн уулзалтын үеэр орон нутгийн бүтээгдэхүүн болох төмсийг гаргаж тавьжээ. Тэрээр уг төмсөө Юньнань мужийн шинжлэх ухаан технологиор ядуурлаас ангижруулах шилдэг бүтээгдэхүүн гэж тодорхойлжээ.