Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд, хатагтай Нирмала Ситараманы урилгаар БНЭУ-д албан ёсны айлчлал хийлээ.
Айлчлалын үеэр Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын төвийн "Энэтхэгийн хаалга"-нд орших Дэлхийн I дайнд амь үрэгдсэн 130 гаруй мянган цэргийн алба хаагчдын дурсгалын цогцолборт цэцэг өргөхөд төрийн хүндэт харуул жагсаж Батлан хамгаалахын төрийн сайд доктор Субхаш Бамрэ угтан авсан.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд хатагтай Нирмала Ситараман, Батлан хамгаалахын төрийн сайд доктор Субхаш Бамрэ, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх ноён Ажит Довал, Армийн Штабын дарга генерал Бипин Рават нартай уулзалт хийж хоёр орны батлан хамгаалах харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр харилцан тохиролцлоо.
Мөн Агра хот дахь Зэвсэгт хүчний Шүхэр десантын 50 дугаар бригад, тус улсын Үндэсний Батлан хамгаалахын коллежид айлчиллаа.
Эрхэм хүндэт Ерөнхий сайд Нарендра Модигийн 2015 оны тавдугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын Монголын Улсын Батлан хамгаалах яаманд кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах харилцан ойлголцлын санамж бичиг”-т талууд гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичгийн хэрэгжилтийг ханган хамтран ажиллаж энэхүү сургалтын төвийн үйл ажиллагааг ойрын хугацаанд байгуулахаар хамтран ажиллахаа илэрхийлсэн.
Монгол Улсын Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарыг үргэлжүүлэн сургах, сургалтын нэр төрлийг нэмэгдүүлэх, Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг нэмэгдүүлэх чухал арга хэмжээний нэг болох шат дараалласан сургалтад Монгол Улсын Зэвсэг хүчний бие бүрэлдэхүүнийг сургах чиглэлээр хоёр тал хүчин чармайлт гаргах хамтран ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн, Монгол Улсын Үндэсний Батлан хамгаалах сургууль БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалах коллеж хооронд хамтын ажиллагааг эхлүүлэн хөгжүүлэх, Цэргийн эмнэлгүүдийн харилцааг хөгжүүлэх, эмч мэргэжилтнүүдийн чадавхийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр хоёр тал харилцан тохиролцлоо.
Монгол Улсад жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Khaan Quest” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд БНЭУ-ын Зэвсэгт хүчнээс тогтмол оролцож, энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр харилцан туршлага солилцдог. Энэтхэгийн зүгээс тус сургуулийн ач холбогдлыг өндрөөр үнэлж байдгаа илэрхийлээд цаашдын оролцоогоо хадгалах, өсөн нэмэгдүүлэх чиглэлээр хамтрын ажиллах талаар хоёр тал харилцан тохиролцов.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, “Манайхаас тавьсан саналуудыг анхааралтай хүлээн авч халуун дотноор хандлаа. Бидний тавьсан асуудал бүрийг хамтран шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн үр дүн нь тодорхой гарах айлчлал боллоо. Энэтхэг цэргийн албан хаагч, дээд түвшиний офицерүүдийг сургахад шинэ ахиц дэвшил гарах болж байна. Баруун өмнөд ази төдийгүй дэлхийд нэр хүндтэй томоохонд тооцогдох Энэтхэгийн Үндэсний Батлан хамгаалах коллеж Монголын Батлан хамгаалахын их сургуультай хамтран ажиллах боломж нээгдэж байна. Жил бүр америк, австрали, канад, франци зэрэг улс орноос 1000 орчим өдөр дээд тушаалын офицер генералууд энд ирж суралцдаг гэхээр нэр хүнд, сургалтын чанарыг харж болно.
Мөн хоёр орны парламентын хамтын хамтын ажиллагаа чухал. Энэтхэг Монголын парламентын бүлэг 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан байна. Энэ бүлгийн гишүүдийн өөрсдийнх нь хүсэлтээр уулзалт хийлээ. Харилцааны асуудлаар санал солилцсон үр дүнтэй уулзалт боллоо” гэж айлчлалын үр дүнгээ дүгнэсэн юм хэмээн БХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.