Ши Жиньпинд бүх насаараа эрх мэдлээ хадгалах боломж олгох хууль эрхзүйн орчин бүрдүүлэх шийдвэрлэх алхам өчигдөр хийгдэж, тэрээр албан тушаалаа насан туршдаа хаших боломж бүрдлээ. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгчид өчигдөр үндсэн хуулиас төрийн тэргүүний эрх мэдлээ хэрэгжүүлэх хугацааг хасах эсэх асуудлаар санал хурааж олонх нь дэмжсэн юм.
Хуралд оролцсон 3000 орчим төлөөлөгч бараг 100 хувь энэхүү санаачлагыг дэмжжээ. Гурван төлөөлөгч түдгэлзэж, хоёр төлөөлөгч л татгалзсан байна.
Үүнтэй хамт “Ши Жиньпиний үзэл санаа”-г Үндсэн хуульд оруулах асуудлыг мөн хэлэлцэн дэмжжээ. Ингэснээр түүнийг Хятадын Коммунист намыг үндэслэгч Мао Зэдунтай нэг ижил төвшинд аваачсан болохыг урд хөршийн хэвлэлүүд мэдээлж байна.
Төрийн тэргүүнийг таван жилийн хугацаатай хоёр удаа улираан сонгох заалт 1990-ээд онд Үндсэн хуульд орсон байдаг. Тухайн үед Мао Зэдуны бүх насаараа засаглах дэглэмээс зайлсхийхийн тулд Дэн Сяопины шууд удирдлага дор энэ ажил хийгдсэн байдаг юм. Энэхүү заалд 20 гаруй жил хэрэгжээд ийнхүү дуусгавар болов.
Ши Жиньпиний төрийн тэргүүний хоёр дахь хугацааны эрх мэдэл 2023 онд дуусах байсан юм. Тэрээр өнгөргсөн оны аравдугаар сард болсон намын их хурлаар залгамжлагчаа зарлаагүйн шалтгаан ийнхүү бүрэн гүцэт тодорхой болж байна.
Хятадын хугацаагүй төрийн тэргүүн Ши Жиньпиний намтар
Ши Жиньпин 1953 онд Бээжинд Хятадын коммунист намын зүтгэлтнүүдийн нэг Ши Жуньсюнийд төржээ. Тухайн үед эцэг нь Хятадын агуу жолоодогч Мао Зэ Дуны ойрын хүрээлэлд багтаж, 1959-1962 онд Төрийн зөвлөлийн дэд дарга буюу Ерөнхий сайдын орлогчтой дүйцэх албыг хашиж явсан хүн юм.
Эцгийгээ өндөр хэргэмд байх хугацаанд Ши Жиньпин Хятадын бусад удирдагчдын хүүхдүүдийн хамт дээдсийн хүрээнд өсч байв.
Тухайн үеийн БНХАУ-ын сангийн сайд асан Бо И Богийн хүү, авилгын хэргээр цаазын ял авсан Бо Силай ч түүнтэй хамт нэг дороо өссөн гэдэг.
Соёлын хувьсгал эхлэхэд эцэг Ши бусад томчуудын хамт албан тушаалаасаа хусагдаж эхлээд шоронд орж, улмаар цөлөгджээ.
Хүүг нь ч энэ зовлон бэрхшээл тойроогүй бөгөөд 15-тайдаа хамгийн бөглүү, ядуу тосгонд цөлөгджээ.
1969-1975 онд Ши Жиньпин Хятадын хнамгийн мужийн нэг шэньси мужийн Янтчуань тосгонд хөтөдбөрөөр дахин хүмүүжүүлэх лагерт цөлөгдөн агуйд амьдарч, хүнд хэцүүг туулсан гэдэг.
1976 онд Мао Зедунь нас барж, Ши Жиньпиний эцэг Ши Гуандунь мужийн намын нарийн бичгийн дарга болов. Тэр үед Бээжинд буцан ирсэн Ши Жиньпин химийн инженерийн мэргэжлээр Цинхуан Их сургуулийг төгсчээ.
Ши Жиньпин 1979 онд сургуулиа төгсөөд эцгийнхээ анд нөхөр Гень Биаогийн хувийн туслах болж, цэргийн албанд идэвхтэй хүчин зүтгэсэн байдаг.
Энэ үед Ши Жиньпин Их Британи дахь Хятадын элчин сайд Кэ Хуагийн охин буюу анхны эхнэр Кэ Линьлиньтэй гэрлэжээ. Гэвч хэдэн жилийн дараа салсан байдаг.
1982 онд эцэг Ши Коммунист намын гол хүчин болох Улс төрийн хорооны нарийн бичгийн дарга болж, Ши Жиньпин Хэбэй мужийн намын нарийн бичгийн дэд даргаар томилогдсоноор улс төрийн анхны албан тушаалдаа очжээ.
Албан тушаалын дагуу Ши Жиньпин 1985 онд АНУ-д болсон уулзалтад хөдөө аж ахуйн төлөөлөгчөөр оролцож, ихээхэн туршлагатай иржээ. Тэрээр энэ туршлагадаа үндэслэн эдийн засгийн нөлөөтэй бүсүүд болох Фужиан, Зежиань, Шанхайг удирдаж байхдаа хувийн өмчийг баяжуулах, гадаад хөрөнгө оруулалт, худалдааг дэмжин Хятадын санхүүгийн системд ардчиллыг авчирсан хэмээн судлаач Чень Ли өгүүлсэн байна.
Үүнээс хойших түүхийг нь бүгд мэднэ. Тэрээр 2008 онд ХКН-ын Улстөрийн товчооны гишүүнээр сонгогдож, 2012 онд намын дарга болсон. 2013 онд Хятадын төрийн тэргүүнээр батлагмжлагдсан билээ.
Хятадын төрийн тэргүүн Си Зиньпин 2014 онд Монгол Улсад айлчлах үедээ "Албан ёсны айлчлалын хүрээнд иж иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, уул уурхай дэд бүтэц, бусад том төслүүдийн асуудлаар харилцан санал солилцож, тохиролцоонд хүрлээ. Тэр дундаа транзит тээвэр, ХАА, дэд бүтэц, далайн боомт салбарт үргэлжлүүлэн хамтарч, цаашид дэмжиж ажиллахаар тохирлоо.
Мөн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлаар судлахаар болсон. Ирэх таван жилийн хугацаанд мянган сурагч солилцоогоор сургаж, 500 цэргийн албан хаагч, 250 сэтгүүлчийг сургана гэдгээ хэлье. Түүнээс гадна 25 шилдэг кино, нэвтрүүлгийн зохиол үнэ төлбөргүй бэлэглэнэ. Эдийн засгийн хувьд худалдааны тэнцлийг нэмэгдүүлж, 15 тэрбум юанийн своп хэлцлийг хийхээр боллоо гэдгийг хэлье. Хамгийн гол нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, хүч үл хэрэглэх буюу хүчээр сүрдүүлэхгүй байх, энх тайвнаар зэрэгцэн оршиж, цаашид хамтран ажиллах өргөн боломжийг нээж байна.
Түүнчлэн төмөр замын дамжин өнгөрөх хэлэлцээ байгуулсныг онцгойлон дурдаж байна" хэмээн мэдэгдэж байв.