Японы мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын тэмцээн ирэх ням гаригт Осака хотод эхэлнэ. Бөхчүүд эдгээр өдөр Осака хотод бэлтгэлээ базааж байна. Ёкозүна Хакүхо М.Даваажаргал, Кисэносат нарын зэрэг аварга барилдана. Хакүхо барууныг манлайлах бол Какүрюү М.Ананд зүүнийг тэргүүлнэ. Дээд зиндаанд манай хоёр аваргаас гадна Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил, Араваши Э.Дөлгөөн, Чиёошома Г.Мөнхсайхан нар хүч үзэх юм. Өнгөрөгч нэгдүгээр сарын башёд 10 даваа авсан Ичиножёо А.Ичинноров комүсүби цолтой барилдаж байгаа бол тавин хувийн амжилтаа үзүүлж чадаагүй Тамаваши Б.Мөнх-Оргил маэгашира нэгээс барилдана. Энэ башёгийн онцлох бөх бол Гүржийн бөх Точиношин билээ. Тэрбээр нэгдүгээр сарын башёд 14 даваа, нэг унаатайгаар башёг тэргүүлж, дээд зиндаанд анх удаа түрүүлсэн. 31 настай Точиношин Гүрж Улсаас сүмо бөхийн дээд зиндаанд түрүүлсэн анхны сүмоч болж түүхэн амжилтын эзэн болсон. Мөн тэрбээр Европ тивээс Болгарын Котошюү (2008.IX), Эстоны Баруто (2012.I) нарын дараа түрүүлж буй гурав дахь бөх юм. Точиношин сэкивакэ цолтой барилдах бөгөөд энэ башёд өндөр цолтой бүх бөхтэй хүч үзнэ. Нэгдүгээр сарын тэмцээнд чихрийн шижин өвчний улмаас амжилттай барилдаж чадаагүй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ чансаа буурч жюүрёод барилдахаар болсон. Тэрүнофүжи цагтаа озэки цол хүртэж байсан юм. Түүнээс гадна энэ башёгийн олны анхааралд өртөж буй бөх бол Таканоива А.Баасандорж билээ. Таканоива өнгөрсөн намар ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржид зодуулж, хүнд бэртэл авсан гэх шалтгаанаар арваннэгдүгээр болон нэгдүгээр сарын башёг өнжсөн. Тэгвэл энэ башёд тэрбээр жюүрёод барилдахаар болжээ. Эдгээр бөхчүүдээс гадна Кёкүшихо Т.Эрдэнэбаатар, Азүмарюү С.Тодбилэг, Сэро А.Өнөболд, Даишохо Ч.Шижирбаяр, Миторюү Б.Төрболд, Таканова А.Баасандорж нар жюүрёод зодоглоно. Осака хотод болох хаврын башё гуравдугаар сарын 11-25-ны өдөр болно.