Хятадын сансрын “Тяньгун-1” гэдэг анхны тойрог замын станц хяналтаас гарч, барагцаалвал гуравдугаар сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 19-ны хооронд дэлхийд унана. Америкийн “Aerospace Corporation”-ы хийсэн мэдэгдэлд ингэж дурджээ.
Тус корпорацын мэргэжилтнүүдийн хэлснээр 8,5 тонн жинтэй станцын модуль агаар мандлаар өнгөрөхдөө шатахгүй байж мэдэх бөгөөд түүний их, бага хэмжээтэй хэлтэрхий дэлхийд хэдэн зуун километрийн радиустай газарт унах ажээ. Станцын энэ хэлтэрхийнүүд яг хаана унахыг мэргэжилтнүүд хараахан тооцоолж чадахгүй байгаа ч АНУ, Европын төв нутаг, Ойрхи Дорнод юмуу Хятадын хойд нутаг байж болох юм гэж үзэж байна.
Уг станцын бүхээгт маш хортой түлшний үлдэгдэл байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Хятадын “Тяньгун-1” станцыг 2011 онд хөөргөжээ. Станц хөөргөснийг тус орон сансрын том гүрэн болсны бэлгэдэл боллоо хэмээн тайлбарлаж байсан юм. Гэвч уг станц хяналтаас гарсныг Хятад улс хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүнийг хяналттайгаар дэлхийд буцаан буулгах боломжгүй болж байгаа ажээ.
Сэтгэгдэл (1)