Японы хэвлэлийн Шогакукан компани сар тутмын Корокоро комик сэтгүүлийн гуравдугаар сарын дугаараа зах зээлээс эргүүлэн татахаар болсноо өчигдөр зарлажээ. Тус компаний гаргасан энэхүү шийдвэр нь Корокоро сэтгүүлд нийтлэгдсэн Чингис хааны хөрөгтэй холбоотой маргаанаас үүдэлтэй юм. Шогакукан компани худалдаанд байгаа бүх сэтгүүлээ эргүүлэн татаж, худалдаж авсан хүмүүст төлбөрийг нь буцааж олгохоор болжээ. Энэ мэдэгдэлдээ тэд “Чингис хааныг хайрлаж, хүндэтгэдэг бүх хүнээс уучлал гуйж байгаа”-гаа дахин илэрхийлсэн байна. Корокоро сэтгүүлийн гуравдугаар сарын дугаар өнгөрсөн сарын 15-ны өдөр худалдаанд гарсан бөгөөд энэ дугаарт Чингис хааны хөргийг зохимжгүй хэлбэрээр дүрсэлсэн байсан нь Монгол иргэдийг ихээхэн бухимдуулж, Токио дахь Монгол улсын элчин сайдын яам Японы Гадаад хэргийн яаманд эсэргүүцэл илэрхийлсэн юм.
Түүнчлэн уг асуудлаар Японд ажиллаж, амьдардаг олон тооны Монгол хүмүүс Шогагукан компаний байрны гадаа эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулжээ.Тус компани өмнө нь Монголчуудаас уучлал гуйсан мэдэгдэл гаргаж байсан юм. Гэвч сэтгүүлийг зах зээлээс эргүүлэн татах шаардлагыг үргэлжлүүлэн тавьсаар байсны хариуд өчигдөр ийм шийдвэр гарсан байна. Мөн үүний зэрэгцээ Чингис хааны хөрөгтэй холбоотой уг комиксийн зохиогч Асуми Ёшино энэ талаар хэлэхдээ ”Би Монголын түүх соёлыг судлаагүйдээ гүнээ харамсаж байна, цаашид сэтгүүл дээрээ комикс гаргахдаа бусад улс орны түүх соёлыг маш сайн судлаж байх болно” хэмээн хэлж уучлал гуйжээ.
Сэтгэгдэл (13)