БНХАУ Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэх хугацааг хязгаарлалгүй болох асуудлыг хэлэлцэж байгаа билээ. АНУ-ын Ерөнхийлөгч энэ асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр “Ши Жинпин одоо насан туршийн Ерөнхийлөгч болсон. Насан туршийн Ерөнхийлөгч, Үгүй ээ, тэр үнэхээр гайхалтай. Харцгаа л даа, тэр үүнийг хийж чадлаа. Хэзээ нэгэн цагт бид ч үзээд алдаж болох юм” хэмээн хэлсэн байна. Д.Трамп Мар а Лаго дахь өргөөндөө БНН-ын ивээн тэтгэгчидтэй уулзалт хийх үедээ ингэж хэлсэн талаар CNN мэдээллээ. Мэдээлэлд аудио бичлэг хавсаргажээ. Ардчилсан намын талыг баримталдаг хэвлэлүүд түүний энэ үг дээр дөрөөлөн Ерөнхийлөгчөө насан туршийн эрх мэдэлд дуртайгаа байна хэмээн "чимхэхээ" мартсангүй.
Үнэн хэрэгтээ бол Д.Трамп ингэж хэлсэн ч гэсэн албан ёсны байр суурь биш бөгөөд уулзалтад оролцогчид хоол идэж байх үед хийгдсэн бичлэг аж. Д.Трамп энэ үеэр маш яриасаг, хошигнуур зантай болсон байсан талаар CNN-ийн мэдээлэлд дурджээ.