-Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал эхэллээ-
Урд хөршийн төрийн эрх барих дээд байгууллага Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын ээлжит XIII чуулган эхэллээ. Ийм хурал нь таван жил тутамд, удирдагчдын эрх мэдэл дуусах жил хуралддаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн, сайд нарыг сонгодог. Харин энэ удаа тийм зүйл болохгүй, дээд удирдлага бүгд эрх мэдлээ хадгалж үлдэх ч эрх баригчид “Эрс шинэчлэлийн” шинжтэй гэж нэрлэж байгаа нь Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой юм.
Чуулганы хуралдаан өнөөдрөөс Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж эхэлнэ. Бүр тодорхой хэлбэл, төрийн тэргүүний бүрэн эрх хэрэгжүүлэх хугацааг цуцалж, хугацаагүй болгох асуудлыг ярилцах гэж байгаа юм. Үүнийг барууны хэвлэлүүдэд Си Жиньпинд бүх насаараа эрх мэдлээ хадгалах боломжийг нээж өгөх гэж байна хэмээн бичиж байгаа юм.
БНХАУ-ын Үндсэн хууль одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа заалтаар бол тэрийн тэргүүн таван жилийн хугацаагаар хоёр удаа сонгогдох эрхтэй. Ши Жинпин 2012 онд намын дарга болоод 2013 онд төрийн тэргүүнээр батлагдсан. Өнгөрсөн жил намын даргаар дахин сонгогдсон учраас энэ жил ч улиран батлагдана. Гэхдээ хэлэлцэх асуудал ярвигтай учраас ердийнхөөс тав хоног илүү буюу энэ сарын 20-ныг хүртэл хуралдахаар төлөвлөжээ.
Зохион байгуулагчид хурлын хамгийн чухал шийдвэр гаргах өдрийг энэ сарын 11, 17, 18, 19 гэж үзэж байна. 11-ний өдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар санал хураалт явагдах бол дурдсан бусад өдөрт Засгийн газрын гишүүдийг томилж, шинэ Засгийн газар бүрэлдэх юм. юм. Энэ удаагийн чуулганд 2980 төлөөлөгч оролцож байгаагийн 2200 нь анх удаа Ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгчөөр сонгогджээ.