Тайванийн зах зээлд ариун цэврийн цаасны эрэлт хэрэгцээ огцом өсчээ. Үйлдвэрлэгчид дараа сар гэхэд нэг ширхэг 00-ын цаасны үнэ 10-30 хувиар нэмэгдэх магадлалтай байгааг зарламагц Тайванийн оршин суугчид ариун цэврийн цаасыг бүгд бөөндөн авсан байна. Ингэснээр дэлгүүрүүдэд 00-ын цаас дуусчээ.
“Ариун цэврийн цаасны үнийн өсөлтийн шалтгаан нь дэлхий нийтэд тулгарч буй түүхийн эдийн хомсдолоос шууд хамааралтай” гэж Тайванийн Гадаад Хэргийн Яамнаас мэдэгдсэн байна.
Түүхий эд хомсдох болсон нь Канадад гарсан ойн түймэр болон Бразиль дахь түүхийн эдийн үйлдвэрлэлд хүндрэл учирсантай холбоотой аж.
Ариун цэврийн цаасыг хийхэд ашигладаг түүхий эд буюу мяндаслаг зөөлөн эдийн 1 тоннын үнэ нь өнгөрсөн жил 650 ам.доллар байсан бол энэ жил 800 ам.доллар болон нэмэгджээ. 00-ын цаасны гол түүхий эдийг модноос гаргаж авдаг байна.
Тайванийн хамгийн том ариун цэврийн цаас нийлүүлэгч Вай Эф Вай-аас мэдээлснээр, энэхүү үнийн өсөлт нь өнгөрөгч жилийн 5,6 саруудаас эхлэлтэй бөгөөд тухайн үетэй харьцуулахад түүхий эд болон савлах тээвэрлэх гээд бүх л зүйлийн ханш 50 хувиар нэмэгдсэн байна гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт арлын хамгийн том гэр ахуйн бараа худалддаг суваг болох “ET Mall”-ын хувьд хамгийн их борлуулалттай 20 бүтээгдэхүүнийх нь зургаа нь ариун цэврийн цаас байсан бөгөөд эрэлт нь ердийн үеийнхээсээ 10 дахин их байсан гэнэ.
Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах газраас хэрэглэгчдэд мэдээлэл хийсэн бөгөөд улсын дөрвөн том ханган нийлүүлэгч болох Каррэфор, Ар Ти Март, Эй Март болон Пи Экс Мартуудаас ямар ч байсан ирэх сарын дунд хүртэл 00-ын цаасны үнийг нэмэхгүй гэсэн мэдэгдлүүдийг тус тус ирүүлсэн байна.