“ОХУ-ын тэрбумтнууд өнгөрсөн хоёр сарын дотор 11 тэрбум ам.доллараар баяжжээ” гэж Bloomberg Billionaire Index мэдээлжээ. Дэлхийн биржүүдэд тэдний компаниудын хувьцааны үнэ өссөн нь ийнхүү их хэмжээний мөнгө олоход нь тус болсон байна.
Энэ сарын 1-ний байдлаар ОХУ-ын хамгийн баян хүн нь “Северсталь”-ийн ихэнх хувийг эзэмшигч Алексей Мордашов байна. Сүүлийн хоёр сард тэр 239 сая долларын ашиг олж, нийт хөрөнгө нь 19,6 тэрбум ам.долларт хүрчээ.
Хоёрдугаар байрт “Норильский никель” группын ерөнхийлөгч Владимир Потанин 19,6 тэрбумын хөрөнгөтэй бичигдэж байна. Потанин өнгөрсөн хоёр сард 613 сая ам.долларын ашиг олсон юм. Тэднээс гадна ОХУ-ын хамгийн баян 10 эрхэмд Владимир Лисин, Леонид Михельсон, Виктор Вексельберг, Алишер Усманов, Андрей Мельниченко, Вагит Алекперов, Михаил Фридман, Роман Абрамович нар багтжээ.
Харин дэлхийн хамгийн баян 3 хүн бол "Amazon”-ыг үүсгэн байгуулагч Жефф Безос (126 тэрбум доллар), “Microsoft”-ийн Билл Гейтс (92,1 тэрбум доллар), Уоррен Баффет (80 тэрбум доллар) нар юм.