Япон дахь Умард Солонгосыг дэмжигч сонины пүрэв гарагийн дугаарт, “Хэрвээ Умард Солонгостой яриа хэлэлцээр хийхийг хүсвэл АНУ таатай нөхцөл бий болгох ёстой. Умард Солонгос хэзээ ч АНУ-тай яриа хэлэлцээр хийхийг гуйж байгаагүй” гэсэн байна.
Умард Солонгосын ахлах албан тушаалтан Ким Ён Чол энэ 7 хоногийн эхээр Өмнөд Солонгосын албаныхантай уулзсаны дараа, Умард Солонгосын тал АНУ-тай яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаа гэсэн мэдээлэл дэлхийн хэвлэлүүдэд цацагдаж эхэлсэн. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ мэдээлэлд хариу өгөхдөө, “Тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд БНАСАУ-тай яриа хэлэлцээр хийх боломжтой” гэсэн байна. Түүнчлэн тус хэвлэлд, АНУ нь ОУ-ын нийгэмлэгийг төөрөлдүүлж, “Хориг арга хэмжээний дараа, Умард Солонгос яриа хэлэлцээр хийхийг АНУ-аас гуйсан мэтээр харуулсан” гээд, үнэн хэрэгтээ бодит байдал тэс өөр” гэжээ. Мөн “АНУ, цөмийн зэвсэгт БНАСАУ-тай зэвсэгт мөргөлдөөн хийхээс зайлсхийж байгаа бол Д. Трамп Умард Солонгостой яриа хэлэлцээр хийх арга замыг судлах хэрэгтэй” гэсэн байна.