ОХУ-ын нийслэлийн Цагдаагийн газраас Москвагийн “Есенин” зочид буудалд болсон зодооны дараа таван монгол иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Цагдаагийн газраас мэдээлснээр хэрэг өнгөрсөн 12 дугаар сард болсон бөгөөд монголчууд нэг нэгнээ хутгалсан юм. Цагдаа нарыг ирэхэд монголчууд нэгэндээ тулааны урлаг зааж байгаад санамсаргүй нуруунд нь хутга зоож орхисон гэж тайлбар тавьсан байна. Тухайн үедээ хохирогч гомдолгүй гэсэн тул хэрэгтнүүдийг суллан явуулсан ч дахин шалгалтаар зодоон байсан нь тогтоогджээ. Цагдаа нар хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж байна.
Мөн өчигдөр Беларусь-Польшийн хил дээр хоёр монгол баригджээ. 1975, 1976 онд төрсөн манай хоёр иргэн ойд төөрсөн гэж мэдүүлсэн ч Польшид гарахаар хил зөрчсөн гэдгээ хүлээсэн байна.