НҮБ-ын Улс төрийн хэрэг хариуцсан нарийн бичгийн даргын орлогч Жеффри Феллман, НҮБ-ын хүмүүнлэгийн хэрэг хариуцсан Марк Лоукок нар "Сирид гал зогсоохыг шаардсан Аюулгүйн зөвлөлийн 2401 тоот тогтоол хэрэгжээгүйд харамсаж байна" гэж мэдэгдлээ.
Жеффри Феллман, Марк Лоукок нар Сирийн нөхцөл байдлын талаар Аюулгүйн зөвлөлд танилцуулсан байна. Жеффри Феллман "Аюулгүйн зөвлөлийн 2 дугаар сарын 24-нд баталсан 2401 тоот тогтоолд шаардсан ёсоор даруй гал зогсоох гэсэн нь хэрэгжээгүй, агаарын дайралт, бөмбөгдөлт, хуурай газрын довтолгоо үргэлжилсээр байна. Сирийн дотоодын дайныг зогсоож чадаагүйд маш их харамсаж байна" гэжээ.
Марк Лоукок "2-р сарын 18-наас хойш, Сирийн Зүүн Гута бүсийн дайны улмаас тус бүсийн 580 гаруй хүн амиа алдаж, 1000 гаруй хүн шархадсан байна. Үүний зэрэгцээ, Зүүн Гута бүсээс олон зуун пуужингаар галласны улмаас Сирийн нийслэл Дамаскт 15 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархадсан. НҮБ-ын авран туслах баг туслахад бэлэн байгаа хэдий ч Зүүн Гута бүсэд орох зөвшөөрөл авч чадсангүй. Мөн эгэл иргэд Зүүн Гута бүсээс гарч чадаагүй байна" гэлээ.