Өвлийн сүүлчийн өдрүүдэд Европын Холбооны орнуудад маш ихээр хүйтэрч, Сибириэс орж ирсэн агаарын урсгалын нөлөөгөөр цас үргэлжлэн орсоор байна. Энэ их хүйтрэлтийг Европын хэвлэлүүд “Дорно зүгээс ирсэн араатан” гэж нэрлэжээ.
Байгалийн гамшгийн улмаас 24 хүн амиа алдсан тухай мэдээлж байна. Польшид 9 хүн, Францад 4 хүн, Литва улсад 5 хүн, Чехэд 3 хүн, Румынд 2 хүн амиа алдсан бол Италид орон гэргүй нэг хүн осгож нас баржээ.Өнгөрсөн шөнө Их Британийн хойд нутагт агаарын хэм -11 болж буурч, ихэнх нутгаар 5-10 см зузаан цас орсон байна. Германы зарим нутагт -24 хэм хүрч хүйтэрсэн бол Эстонид -29 хэм хүрчээ. Францын Номин эрэгт хүртэл цас унаж, агаарын хэм -5 болж хүйтэрсэн байна. Италийн Ром хотод нэлээд их цас унажээ. Хамгийн сүүлд Италийн нийслэлд зургаан жилийн өмнө цас орж байв. Тус улсын хойд нутгийн зарим хэсгээр -20 хэм хүртэл хүйтэрсэн тул дунд сургуулиудын хичээлийг хаасан байна. Цаг уурчдын мэдээлснээр, Европын тивийн ихэнх нутагт энэ долоо хоногийн сүүлч хүртэл хүйтэн байх аж.