Ирээдүйд роботууд ажлын байран дээр гарч эхлэхэд хүний хөдөлмөр, хэрэгцээ шаардлагагүй болно гэж эрдэмтэд үздэг. Бүхий л төрлийн салбарт зохион бүтээж, хөгжүүлж байгаа робот өөр өөрсдийн гэсэн үүрэг даалгавар, зориулалттай байдаг. Энэ удаад гал унтраагч шинэ төрлийн роботыг онцолж байна. “Уалк-мэн” нэртэй роботын туршилт эхэлжээ.
Гал унтраагч роботыг салбарт нэвтрүүлснээр гал унтраагч мэргэжилтэй хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах бүрэн боломжтой. Энэ харагдаж байгаа роботыг Италийн технологийн хүрээлэнгийн инженерүүд бүтээжээ. Саяхан туршилтаа амжилттай хийж дуусгасан талаар мэдээллэсэн байна. Энэ робот гал гарсан объект руу нэвтрэн орж, амь нас, эрүүл мэндээрээ эрсдэлд ороод байгаа хүнийг аврах үүрэгтэй. Уок-мэн роботын толгойн хэсэгт хэд хэдэн камер, лазерийн төхөөрөмж, микрофон зэргийг суурилуулж өгсөн байна. Эдгээр төхөөрөмжүүд нь удирдлагын хэсэгт мэдээллийг дамжуулдаг. Их бие, гар хөл гээд бусад зүйлсийг хөдөлгөгч 32 ширхэг хөдөлгүүрийг мөн тоноглосон. Уок-мэн робот 185 см өндөртэй, 102 кг жинтэй, өрөөсөн нэг гар нь 10 кг хүртэлх жинтэй зүйлийг өргөж дийлэх чадалтай. Нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр 2 цагийн турш ажиллана. 2013 онд Европын зөвлөл гал унтраах зориулалтын хүн дүрст роботыг бүтээх ажлын төслийг дэмжиж, улмаар үүнээс хойш дэлхийн улс орны инженер технологийн салбарын мэргэжилтнүүд ийнхүү энэ төрлийн зориулалтын роботыг бүтээх ажлаа албан ёсоор эхлүүлсэн гэж үздэг.