“Харүмафүжи, Таканоива” хэргийн хохирогч Таканоивагийн энэ сарын банцүкэ жюүрёогийн 12-т буусан байгаа. Өнгөрсөн тэмцээнд ч барилдаагүй тул макүшитад унах байсан ч Сүмогийн холбооноос Хаврын тэмцээнд жюүрёод үлдээх шийдвэр гаргасан. Харин энэ тэмцээнд барилдахгүй бол цолоо алдах аюул тулгараад байгаа билээ.
Хэрэг гарснаас хойш олон нийтийн өмнө огт гараагүй Таканоива Киото хотноо дэвжээндээ бэлтгэлдээ гарсан байна. Түүний багш Таканохана ояката хэрэг явдлаас хойш анх удаа сэтгүүлчдэд шавийнхаа эрүүл мэндийн талаар ярьж, Хаврын тэмцээнд барилдах эсэхийг нь байдлыг харж байж шийднэ гэдгээ хэллээ.
Ояката “Таканоива барилдалгүй их удлаа. Барилдааны мэдрэмж гээд олон асуудал бий. Нэгэнт барилдвал унаад байлгүй сайхан барилдах сан гэж тэр өөрөө бодож байгаа байх. Би бол яарах албагүй гэж бодож байгаа. Үлдсэн хэдэн хоногт яарч тэвдэлгүй, бэлтгэл хийлгэнэ. Мөргөлдөх бэлтгэл хийж эхэлсэн ч толгойгоор мөргөлдөхөөс эмээгээд байгаа нь харагдсан. Тачиай дээр мөргөлдсөний дараахь барилдааны мэдрэмж хэр байгаагаас Хаврын тэмцээнд барилдах эсэхийг шийднэ” гэж ярьжээ.
Сэтгэгдэл (4)