Кени улсын иргэн Патрик Хинга согтууруулах ундааны хамааралд орж, орон гэрээ орхин гудамжинд амьдрах болжээ. Харин бага сургуульд хамт сурч байсан Ванжа Мваура гэх эмэгтэй түүнтэй гудамжинд таарч, хэрхэн амьдарч буйг нь хараад туслахаар шийдсэн байна.
Багын найз нь Патриктай удаан ярилцсаны эцэст архи, тамхи, мансууруулах бодисын хорт нөлөөг ойлгуулж чадсан бөгөөд амьдралаа шинээр эхлүүлэхийг зөвлөжээ.
Ингээд тэд сэтгэлзүйн эмчилгээнд хамрагдаж, Патрикыг ээжтэй нь уулзуулан, "шинэ амьдрал"-д хөл тавих алхмыг эхлүүлжээ. Патрик ч найзынхаа сэтгэлд талархан, нөхөн сэргээх эмчилгээнд явж, хорт зуршлаа хаяхын тулд өөртэйгөө тэмцэж байлаа.
Түүний тухай мэдээллийг цахим сүлжээнд байршуулснаар олон арван хүмүүс хандив тусламж илгээх болжээ.
Ванжа найздаа хувийн бизнесээ эхлүүлэхэд нь тусалж, "Хингагийн дэлгүүр" үүд хаалгаа нээв.
Патрик Хинга "Би шинэ хүн боллоо" гээд найздаа насан туршдаа талархан явахаа илэрхийлжээ.
Патрик ийн хорт зуршлаа хаяж, ном уншин, хувийн бизнесээ амжилттай эрхлэх болов.
Патрикын түүх олон мянган залууст урам зориг өгч, сайн хүний туслалцаатайгаар амьдралаа өөрчлөхөд хэзээд оройтдоггүйг сургаад байна.