Эмэгтэйчүүдийн уран гулгалтын төрөлд түрүүлснийх нь дараа Алина Загитовагийн Ижевск хот дахь байрны орцон дээр “Энд олимпийн аварга Алина Загитова амьдардаг. Бахархаж байна” гэсэн зурагт хуудас хадаастай байлаа.
Энэ орцны зураг хэдхэн цагийн дотор олон нийтийн сүлжээгээр тарж, зурагт, телевизээр ч гарсан юм. Зурагт хуудсыг аваргатай нэгэн орцонд амьдардаг Ольга, Александр Деньгин нар урлажээ.
“Хөрш охин маань олимпийн аваргын төлөө өрсөлдөж байхад сэтгэл их хөдөлсөн. Ялалт байгуулангуут нь л плакатаа зурж эхэлсэн” гэж тэд ярьж байна.
“Алина манай байранд өссөн ч гадаа бараг тоглодоггүй байлаа. Байнга бэлтгэл хийж, сүүлийн хэдэн жил Москвад амьдардаг болсон. Үнэнийг хэлэхэд би түүнийг бараг мэддэггүй байсан. Жилийн өмнө нэг хүн ирээд энд ирээдүйтэй тамирчин охин байгаа гэж хайж байхад нь л анх мэдсэн” гэж байрны дарга Виктор Акинчиков сэтгүүлчдэд ярьжээ.