Санкт-Петербург хотын Невский районы түр саатуулах байранд энэ сарын 21-нд 34 настай Рустам Клычев нас барсан аж. Тэрээр өнгөрөхийнхөө өмнөхөн өөрийн олон нийтийн сүлжээ хуудсаар бэртэж гэмтсэн хөлөө үзүүлэн бичлэг хийж байсан гэнэ.
Бичлэгээ олон нийтэд цацах үедээ цагдаа нарт зодуулсан тухайгаа ярьсан байна. Харин энэ сарын 22-нд түүний үхэлтэй холбогдуулан ОХУ-ын Эрүүгийн хуулийн 293-р зүйл ангиар, “ажилдаа хариуцлагагүй хандсан” гэх үндэслэлээр Петербург хотын Мөрдөн байцаах газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Согтуу Клычевийг гэрийнх нь гадаа цагдаа нар саатуулсан бөгөөд тэрээр сэргийлэхийн машин дотор сууж явахдаа лайв хийсэн байна. Яагаад түүнийг баривчлаад авч явж байгааг өөрөө ч мэдэхгүй байна хэмээн бичлэг хийх үедээ ярьсан гэнэ. Тэгээд: “Дараа нь намайг өөрөө зохиож худал ярилаа гэж хүмүүст гүтгүүлэхгүйн тулд үзүүлж байгаа юм. Энийг хар даа, ямархуу болсон байна?” хэмээн бэртэж гэмтсэн хөлөө олон нийтийн сүлжээний хэрэглэгчдэд харуулж байжээ.
“Машинаас буугаад, наашаа хүрээд ир” гэх харгис дээрэнгүй хоолой хоёр дахь бичлэгийн үед сонсогдсон байна. Ингээд Ключевийг ойролцоох Цагдаагийн хэсэгт хүргэн, тухайн өдрийн орой 22 цагт тэндээ нас баржээ.
Талийгаачийн ар гэрт эхнэр нь хоёр охины хамт үлдэж байгаа бөгөөд бага хүүхэд нь 10 сартай аж.
Сэтгэгдэл (2)