Урьд нь Караганд мужийн иргэн байсан 22 настай Динара Алимбековой Казакстанчуудын хувьд “Пёнчан-2018” өвлийн олимпийн үеэр үндэснийх нь бахархал болоод байна. Түүний эцэг нь Казак эх нь Беларусь үндэстэн ажээ. Түүнийг гуравхан настай байхад тэднийх Казакстанаас нүүж Беларусийн Могилев мужийн Чаус хэмээх 10 гаруйхан мянган хүнтэй жижигхэн хотод эхлээд суурьшжээ. Ингээд Динара Алимбековой 11-хэн настайдаа анх хөлдөө цана углаж мөн зэрэгцүүлэн хөгжим, бүжгээр хичээллэж эхэлжээ. Удалгүй спортыг өөрийн гол ажил зорилго болгосон нь амжилтад хүрч 2011 оноос Беларусын биатлоны Залуучуудын шигшээ багийн тамирчин болжээ. “Пёнчан-2018” өвлийн олимпиос өмнө тэрээр Беларусьт болсон биатлоны залуучуудын дэлхийн аваргад түрүүлж алдаршиж эхлээд байж. Хоёрдугаар сарын 15-нд болсон “Пёнчан-2018” олимпийн анхны гараандаа Динара Алимбековой тун даруухан буюу 56 дугаар байранд орсон үзүүлэлттэй байсан ч урам хугаралгүй зүтгэсээр багийн төрөлд түрүүлж Казакстан бүсгүйчүүдээс анхны өвлийн олимпийн аварга болж эх орон нэгтнүүдээ баярлууллаа. Өчигдөр болсон биатлоны багийн төрөлд тэрээр Беларусь улсын тугийг өргүүлж аваргын алтан медалиар энгэрээ мялаасан ч Казак эцэгтэй нь хувьд Казакстан улсын иргэдийн сэтгэлийг ч асар ихээр догдлуусан юм. Динара Алимбековой өнгөрсөн онд Беларусийн Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг төгсчээ. Тэрээр биатлоноос гадна тэшүүр, сноубордыг ч сонирхон хичээллэдэг гэнэ. Түүний үгээр бол Казакстан улс түүнийг өөрийн улсын нэр дээр биатлоны тэмцээнд оролцохыг хэзээ ч урьж байгаагүй гэнэ. Харин өчигдөр багийн төрөлд алтан медаль хүртсэнийх нь дараа Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко албан ёсоор баяр хүргэж, Беларусын "Спортын гавьяат мастер" цолоор шагнаснаас гадна Беларусьд буцаж ирэхэд нь томоохон шагнал хүлээж байгааг дуулгасан гэнэ.
Д.Түвшин
Сэтгэгдэл (8)