Украйны Майдан хувьсгал, Крымийн хойгийг нэгтгэсэн хэрэг явдлын дараагаар Орос ба АНУ хоорондын сөргөлдөөн хүйтэн дайны үеийнхээс давж гарсан хурцадмал болсон. Оросын эрх баригчид Крымд нэгэнт эзэн суугаад авсан бол сайн дураараа тэндээс явахгүй гэдэг нь анхнаасаа ойлгомжтой байлаа. Иймд Барак Обамагийн Засгийн газар Оросын эсрэг дэлхийг хамарсан эдийн засгийн хориг арга хэмжээ авах аян дайныг эхлүүлсэн. Оросын газрын тос, шатдаг хийнээс бусад бараг бүх бүтээгдэхүүнийн экспортод хориг тавьж эдийн засгийг нь унагахаар шийдсэн юм.
Эхний давалгаагаар Америкт голдуу байрладаг санхүүгийн рейтинг тогтоодог байгууллагууд Оросын зээлжих эрх гэх мэт үзүүлэлтийг шалд нь буутал унагаж, Виза, Мастер кард гэх мэт байгууллагууд Орос дахь үйл ажиллагаагаа гэнэт зогсоон оросуудыг нэлээд сандаргаад авсан. Рублийн ханш унасан, газрын тосны үнэ буурсан, экспортод нь хориг тавьсаны улмаас Оросын эдийн засаг багагүй хохирол амссан. Эдгээр арга хэмжээг товчхондоо бол Путиныг доороос чангааж унагаах ажиллагааны нэг хэсэг гэж болно.
Рублийн ханш унаж, эдийг засаг нь уналтад орохыг дагаад оросын жирийн иргэдийг амьдралын түвшин огцом унахад уурлаж бухимдсан доодчууд гэж болох сая сая оросууд гудамжинд гарч Путиныг эсэргүүцсэн жагсаал цуглаан зохион байгуулж, тэдгээр нь явсаар Украйнтай адил Майдан хувьсгал болж төр эргээд чих зөөлөн, Америкийн үгнээс гарахгүй хүмүүсийг төрийн эрхэнд гаргана гэж тооцолсон гэсэн.
Ингээд дэлхийд нэртэй өрнөдийн голдуу судлаачид, улс төрчид, шинжээчид, Оросын сөрөг хүчнийхэн бүгд дуу дуугаа авалцан Оросын эдийн засаг юу ч үгүй сүйрсэн, Путины дэглэм яг гурван сарын дараа дампуурлаа, дараагийн Ерөнхийлөгч хэн болох вэ, Путин түүний тойрон хүрээллийг яаж шүүх вэ гэж ярьсаар бүтэн дөрвөн жил боллоо. Юун гурван сар...
Оросын эдийн засаг жил гаруй нэлээд хүнд байдалд орсон нь үнэн, иргэдийнх нь бодит орлого буурсан нь үнэн. Гэвч ... гэвч Путиныг эсэргүүцсэн олон сая хүн оролцсон жагсаал, үймээн, бослого ер дэгдсэнгүй. Харин ч эсрэгээр Путины рейтинг хэзээ ч байгаагүй өндөрт гарч байр суурь нь зарим талаар бүр ч бэхжих нь тэр. Хэдхэн сарын дотор юу ч үгүй дампуурах ёстой байсан оросууд Европын холбооны эсрэг хариу хориг арга хэмжээ авч, үүгээрээ далимдуулан хөдөө аж ахуйгаа суга өөд нь татаад, газрын тосны үнэ унахыг дагаад түүхий нефтийнхээ экспортыг багасгаж, дотооддоо шатахуун боловсруулах үйлдвэр олныг барихтай зэрэгцэн газрын тосны салбарын ДНБ-д эзлэх хувь нь тууштай буурав.
Рублийн ханш унахыг дагаад Дорно зүгийг чигэлсэн экспортоо эрс нэмэгдүүлж, Оросыг зорьсон жуулчдын тоо өсчээ. Үнэт цаасны зах зээл нь дампуурахын оронд огцом өсч 2017 оны байдлаар Оросын үнэт цаасны зах зээл 12 хувийн өсөлттэй гарсан нь дэлхийд нэгдүгээрт орсон үзүүлэлт юм. Дашрамд сонирхуулахад америкчууд оросын газрын тос, хүнд үйлдвэрлэл гээд маш олон салбарын эсрэг хориг арга хэмжээ авч, эдгээр салбарт оросуудтай хамтарсан болгоныг хайр найргүй балбана гэж мэдгэдсэн хэдий ч оросын үнэт цаасны салбарын эсрэг хориг арга хэмжээ аваагүй юм. Учир нь, дам мэдээгээр эрчимтэй өсч байгаа найдвартай Оросын үнэт цаасыг худалдан авахад Америкийн бизнесменүүд асар их хөрөнгө зарсан юм байх.
Ам.доллар ба евротой харьцах рублийн ханш унахад гадаадыг чигэлсэн жуулчлал огцом буурсан ч дотоодын аялал жуулчлал нь урьд байгаагүй ихээр өсөөд авсан юм байна. Ард олныг уриалан гудамжинд гарч Майданыг удирдах ёстой Оросын сөрөг хүчин гээч нь ч зэрэглээ төдий зүйл болж таарснаар Путиныг доороос нь чангааж унагах хувилбар нэг мөр баларсан.
Оросын сөрөг хүчний хамгийн том төлөөлөгч гэсэн цолыг өрнөдөөс хүртсэн Навальныйг дэмжиж гудамжинд жагсагчид, үгэнд нь итгэгчдийн дийлэнх нь нэлээд хэдэн жилийн дараа сонгуульд оролцох эрхтэй болох дунд сургуулийн 7-8 –р ангийн сурагчид болж таарлаа. Насанд хүрсэн, Горбачев, Ельцины үеэс улс төрчдийн худал амлалтыг сонссор дээрэм тонуул, өлсгөлөн, ил цагаан луйврыг нүдээр харж чихээр сонсон хаширч, бие даасан үзэл бодолтой, байр суурьтай болсон хүмүүс “Би уг нь Путины төлөө өгмөөргүй байсан юм. Гэтэл энэ Навальныйг ярьж хэлж байгааг харахаар ийм амьтаныг гаргаж байснаас Путинээ ахиад сонгочихвол дээр гэж шийдлээ” гэсэн утгатай тайлбар хийх болсон тухай олон нийтийн сүлжээ, форумууд шуугиж байна.
Нэг ёсондоо Путин ахыг дороос нь чангааж унагана гэдэг нэрт шог зураач Херлуф Бидсрупын зурсан нэг шог зурагтай адил болж хувирах тийшээ хандсан. Бухын доодхыг харж үнэг турж үхдэг үлгэр болсон гэх юм уу даа.
Иймд Америкчууд дороос нь чангаагаад дийлдэггүй юм бол дээрээс нь дагздаад унагах өөр хувилбарыг туршин хэрэгжүүлж эхлэв. Дагздах мэх нь чангаах мэхтэйгээ мөн адилаар хориг арга хэмжээнээс эхлэв. АНУ-ын Сангийн яамнаас Конгресст “Кремлийн” гэсэн нэртэй илтгэл тавьж дагздалт нэртэй угсраа цохилтын эхнийхийг хийлээ гэж болно.
Энэхүү илтгэлийг 2017 онд баталсан ОХУ, Иран, Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээний тухай хуулийн хүрээнд хийсэн юм. Хуулийн дагуу сангийн яам нь хориг арга хэмжээ авч болзошгүй, авах ёстой хүмүүсийн жагсаалтыг гаргах ёстой байж .Тэгтэл Кремлийн илтгэлд ОХУ-ын Ерөнхий сайд Медведвээс эхлээд Путины хэвлэлийн төлөөлөгч Песков , Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Антон Вайно, Путины туслахууд болох Владислав Сурков, Юрий Ушаков, Владимир Кожин, Ерөнхийлөгчийн тамгын газрын нэгдүгээр орлогч Сергей Кириенко, Алексей Громов гээд Ерөнхийлөгч Путины бүх зөвлөхүүд, итгэмжлэгдсэн төлөөлөгчид буюу ойрын хүрээлэл багтаж. Цаашлаад ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Медведев болон бараг бүх яамдын сайд, Төрийн Дум ба Холбооны зөвлөлийн спикерүүд, жанжин штабын дарга, прокурор ба мөрдөн байцаах хорооны удирдлага, Роснефть ба РЖД гэх мэт төрийн өмчид монополь компаниудын удирдлага орсон байна.
Үүнээс гадна энэхүү илтгэлд тэрбум ам.доллар давсан хөрөнгөтэй Роман Абрамович тэргүүтэй 96 олигархын нэрийг оруулсан байна. Тэд бүгд Оросын эрхтэн дархтнуудтай ойрын харилцаа холбоотой байдаг, төрөөс тав гурван цаас тогтмол зулгааж байдаг хүмүүс гэнэ.
Хамгийн хачирхалтай нь энэхүү жагсалтад орсон хүмүүсийн эсрэг яг одоо, эсвэл өнөө маргаашгүй хориг арга хэмжээ авах гээгүй юм гэнэ. Зүгээр л энэ хүмүүсийн эсрэг бид хүссэн үедээ хориг арга хэмжээ авч чадна шүү гэж нударч байгаа юм байх. Энэхүү илтгэлтэй танилцсан хүмүүс мэл гайхсан гэж болно. Оросын Ерөнхий сайд Медведев энэхүү жагсаалтаас гарах үр нөлөө нь тэгтэй тэнцүү. Бид ч яг адил жагсаалт гаргаад түүндээ Америкийн төрийн өндөр дээд албан тушаалтан, тэрбумтнуудыг оруулж чадна. Тэглээ гээд Америкт юу болох юм бэ? Юу ч болохгүй. Бид яг л адил гэсэн юм. Тэгвэл яг одоо, хэзээ мөдгүй хориг арга хэмжээ авах гээгүй юм бол энэ олон сайд, дарга, тэрбумтнуудыг жагсаалтанд оруулж сүрийг бадрах хэрэг юу байна гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ.
Хариулт нь дагздах мэх. Оросын өндөр албан тушаалтнууд төрийн мөнгийг найз олигархуудтайгаа хувааж идсээр мөнгө нь багтаж шингэхгүй болохоор гадаадын банкууд руу мөнгөө гуйвуулдаг юм байна. Хэрэв үнэхээр энэ жагсаалтад орсон хүмүүст хориг арга хэмжээ авбал хилийн чанад дахь банкуудад хэдэн зуун тэрбум доллараар тоологдох хөрөнгө нь түгжигдэж, аяггүй бол бүр хураагдаж ч магадгүй болох юм гэнэ. Наад захын жишээ татъя. Кремлийн илтгэл хэвлэгдсэний маргааш нь жагаалтад орсон 96 тэрбумтнууд хувьцааны үнийн хэлбэлзэл гэх мэт зүйлсээс болж нэг өдрийн дотор нийт 146 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн тухай хэвлэлүүд шуугиж байна.
Америкчуудын төлөвлөгөө ёсоор Путины хамгийн ойрын тойрон хүрэлэлд нь багтах тэрбумтнууд, эрх мэдэлтнүүдийг чимхээд, хөрөнгийг нь түгжээд, цаашилбал Путины найзтай найзалдаг хүний эсрэг хориг арга хэмжээ авна шүү гээд сүрдүүлээд ирэхээр Оросын дээдсүүд их алдагдал хүлээж, цаашдаа мөнгөө алдахгүйн тулд Путины эсрэг ил далд хуйвалдаан зохион байгуулж Путиныг дагздан түлхэж унагах ёстой юм байх. Ер нь бол хориг арга хэмжээнд өртөхийг хүсэхгүй байгаа бол Путиныг дэмжихээ больж, эсэргүүц, сөрөг хүчнийг дэмж гэсэн мессеж л өгөөд байгаа юм байна. Иймэрхүү мэргэн аргыг сонссон оросууд нуг нуг хийтэл инээцгээж байгаа гэнэ. Учир нь, Путиныг одоогийнхтой зүйрлэхээргүй бага рейтингтэй байхад нь өөдөөс нь жов жов гэж томрон сүржигнэж байгаад хамаг хөрөнгөө алдсан хүний жишээ бэлхэн байхад өнөөдөр Путины өөдөөс ил далд ямар нэг байдлаар хөдлөх тэрбумтан Оросоос гарна гэж үү? гэж тэд гайхаж байна. Жагсаалтыг гаргасан хүмүүс Оросын өдөр тутмын бодит амьдрал ямаршуу байдаг талаар өчүүхэн ч мэдлэггүй, Төрийн департаментад нь зовлон тоочин, хов зөөж тархийг нь угааж байгаад гранд салгаж авдаг сөрөг хүчний хэдэн мангар пацааны хэлсэн үгээр бүрдүүлсэн бололтой гэцгээж байна.
Үнэхээр тийм тэрбумтан гарлаа гэж бодоход өрнөдийн хэвлэлүүдийн өдөр болгон сенсацлаж айлгаад байгаа оросын тануулчид, ногоон хүмүүс, супер хакерууд нь газрын хаанаас ч олж аваад будаа болгоно гэдгийг дээгүүр нисдэг хүмүүс мэдэхийн сайнаар мэдэж байгаа биз. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ? Ойрын үед ардын хийж чадаагүй хувьсгалыг олигархууд хийж Кремльд төр эргэхийг үгүйсгэх бас аргагүй байх л даа. Дагздах мэхийг яаж хийдэгийг, хийхээр яаж хариулдгийг хараад л сууж байя. Ямар ч адал явдалт киноноос сонирхолтой шүү.
Б.Бадрал
Сэтгэгдэл (23)