Интернет хэрэглэгчдийн хамгийн хайртай, супер, гоц ухаантан Никола Тесла бараг 100 гаруй жилийн өмнө цахилгаан эрчим хүчийг утасгүйгээр дамжуулах зорилго өвөртөлж байв. Тэрээр эрчим хүчийг хүний үндсэн эрх болох ёстой гэж үзэж байсан бөгөөд дэлхий даяар үнэгүй тараах хүсэлтэй байсан юм.
Гэвч өнгөрсөн хугацаанд яг энэ зорилгод хүрч чадсан хэн ч байхгүй. Харин Лас Вегаст зохиогдож буй CES 2018 үзэсгэлэнгийн үеэр Ossia компани утасгүй цэнэглэх технологийн шинэ үеийг танилцуулжээ.
Тэдний бүтээл одоо зах зээл дээр байгаа Qi утасгүй цэнэглэх технологиос ялгаатай нь хэрвээ таны төхөөрөмж цэнэг үүсгүүрийн дамжуулах зайнд байгаа нөхцөлд хаанаас ч хамаагүй цэнэг хуримтлуулах юм.
Эхний ээлжид компани хэзээ ч цэнэг нь дуусахгүй АА буюу бидний мэдэх хуруу зайг үйлдвэрлэжээ. Зурагтын удирдлага, гэрийн цагны цэнэг хэзээ ч дуусахгүй гээд та төсөөлөөд үзээрэй.
Ийм төрлийн систем өндөр үр дүнтэй байх ёстой төдийгүй, аюулгүй байх шаардлагатай. Тиймээс системд холбогдсон батарей секунд тутамд цэнэг үүсгүүр рүү 100 удаа байршлаа илгээнэ.
Харин энэ байршлын мэдээллийг авсны дараа цэнэг үүсгүүр хана болон бусад саадыг тооцоолж, радио долгион буцааж дамжуулах юм. Үүнийг нь батарей цахилгаан эрчим хүч болгон хувиргах зарчмаар ажиллана.
Гэвч хэзээ, ямар үнэтэй худалдаанд гарах тухай компани ам нээгээгүй аж.