Одоогоос дөрвөн жил орчмын өмнө Өмнөд Хятадын тэнгисийн дээгүүр нисэж байгаад сураггүй болсон онгоцыг эрэн хайх ажлыг сэргээж магадгүй гэж Малайзын албаны хүн мэдэгдсэнийг “Эн-Эйч-Кэй” телевиз уламжлав.
2014 оны гуравдугаар сард Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн онгоц Куала-Лумпураас Бээжингийн чиглэлд “МH370” дугаарын нислэг үйлдэж байгаад сураггүй болсон юм. 239 хүнтэйгээр сураггүй болсон энэ онгоцыг Малайз, Хятад болон Австралиийн холбогдох албаны хүмүүс эрэн хайх ажлын хүрээнд 25 мянга км.кв талбайг самнасан хэдий ч ямар ч улс мөр олдоогүй учир өнгөрөгч оны нэгдүгээр сард эрлийн ажиллагааг зогсоосон билээ.
Тэгвэл Малайзын засгийн газрын албаны хүн өчигдөр мэдэгдэл хийхдээ “АНУ-д төвтэй, далай тэнгист эрлийн ажиллагаа явуулж байсан туршлагатай “Ocean Infinity” компани “no find-no fee" буюу “хэрвээ олохгүй бол эрлийн ажиллагаанд зарцуулсан төлбөрөө авахгүй” гэсэн болзолтойгоор “МH370”-ын эрлийг сэргээх саналыг бидэнд тавьсан. Онгоцыг эрэн хайх ажлыг сэргээх асуудлаарх хэлэлцээ сүүлийн шатандаа ороод байна” гэжээ.
Эрлийн ажиллагааг өнгөрсөн оны нэгдүгээр сард зогсоосон хэдий ч хиймэл дагуулаас авсан зургуудыг судалсаар байгаа гэнэ.
“No find-no fee" төрлийн гэрээг гол төлөв их хэмжээний мөнгөөр үнэлэгдэх бараа бүтээгдэхүүн тээвэрлэж яваад живсэн, сураггүй болсон хөлөг онгоцуудыг эрж хайх зорилгоор хоёр хуулийн этгээд байгуулдаг байжээ. Тухайн хөлөг онгоцыг олж чадвал эрлийн ажиллагаа явуулсан компани хөлөг онгоцны тээвэрлэж явсан бараа бүтээгдэхүүний 80-90 хувийг авдаг байсан гэнэ.
Харин “Эм-Эйч 370”-ыг “Ocean Infinity” компани олж чадвал эрлийн ажиллагаанд зарцуулсан мөнгө болон шагнал мөнгийг Малайзын Засгийн газар холбогдох улс орнуудтай хамтран гаргаж өгч магадгүй юм гэж салбарын мэргэжилтэн ярив.
Малайзын энэ онгоцонд 14 улс орны иргэн сууж явсан билээ.
Г.Доржханд
Сэтгэгдэл (1)