Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотоос зүүн өмнөд зүгт 168 км зайтай орших Жэчонь хотын нэгэн барилгад гал гарсны улмаас 29 хүн амиа алдсан тухай тус улсын “Ёнхап” мэдээллийн агентлаг мэдээллээ.
Спортын төв, саун болон хэд хэдэн зоогийн газар байрладаг найман давхар байгууламжид пүрэв гарагийн үдээс хойш 4:00 цагийн үед гал гарч эхэлсэн байна. Гал тус барилгын автомашины зогсоолоос гарч эхэлсэн байж магадгүй гэж холбогдох албаны хүмүүс үзэж байна.
Мөн галын улмаас гэмтэж бэртэж, угаартсан 26 хүнийг эмнэлэгт хүргэжээ. Амиа алдсан хүмүүсийн олонх нь тус барилгын хоёрдугаар давхарт байрладаг эмэгтэйчүүдийн саунаас олдсон гэнэ.
Аврах, эрэн хайх ажиллагаа дуусаагүй байгаа учир амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй гэж албаны хүмүүс хэллээ.
Г.Доржханд