ЖАКАРТА. /Би-Би-Си/. Индонезийн Агунг галт уул өнгөрсөн долоо хоногт сэрж, үнс нурмаа хэдэн мянган метрийн өндөрт цацаж буйн улмаас үзэгдэх орчин хязгаарлагдмал болсонтой холбоотойгоор тус улсын аялал жуулчлалын төв гэгддэг Бали арлын олон улсын нисэх онгоцны буудлын хаалгыг дахин 24 цаг барих шийдвэрийг Тээврийн яам нь өнөө өглөө гаргажээ.
“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Бали арлын төв Денпасар хотын захад орших Олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг орон нутгийн цагаар лхагва гарагийн буюу маргааш өглөөний 07:00 цаг хүртэл зогсоох шийдвэр гаргасан байна.
/Нислэг цуцлагдсаны улмаас нисэх онгоцны буудалд гацаад буй жуулчид/
Далайн түвшнээс дээш 3000 м-ийн өндөрт орших Агунг галт уул өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт сэрж, үнс нурмаа цацаж эхэлжээ. Тус галт уул сүүлийн 54 жилийн хугацаанд анх удаагаа сэрсэн нь энэ аж.
Галт уул хэзээ мөдгүй дэлбэрч болзошгүй гэж Индонезийн ОБЕГ-ын албаны хүмүүс даваа гарагт анхааруулаад, аюулын зэрэглэлийн дохиог хамгийн өндөр түвшинд шилжүүлсэн байна.
Мөн галт уулын ойр орчмын суурин газруудад амьдардаг 100 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхийг ОБЕГ-ын удирдлага ажилтнууддаа үүрэг болгожээ.
Агунг галт уул сэрсэн нь Индонезийн аялал жуулчлалын салбарт ихээхэн сөргөөр нөлөөлж байна. Аялал жуулчлалын салбар нь тус улсын эдийн засгийн гол хөдөлгүүр билээ.
Эх сурвалж: Montsame.mn
Г.Доржханд
Сэтгэгдэл (1)