АНУ болон Өмнөд Солонгос ирэх сарын эхээр 230 гаруй байлдааны нисэх онгоцыг хамруулсан агаарын цэргийн хүчний хамтарсан сургуулилт хийнэ гэж АНУ-ын Агаарын цэргийн хүчин мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжлав.
Өмнөд Солонгос дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчний командлалаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, тус хоёр улсын агаарын цэргийн хүчнийхэн 12 дугаар сарын 4-8-нд Сөүл хотоос холгүй орших агаарын цэргийн хүчний баазад хамтарсан сургуулилт хийнэ.
Талууд сургуулилт хийхдээ 230 гаруй байлдааны нисэх онгоц, тэдгээрийн дотор "F-35" болон "F-22" үл үзэгдэгч сөнөөгч нисэх онгоцуудыг ашиглах аж. "F-22" үл үзэгдэгч сөнөөгч нисэх онгоц Өмнөд Солонгосын дээгүүр анх удаагаа нисэх гэж байгаа нь энэ гэнэ.
АНУ-ын Агаарын цэргийн хүчний албаны хүн хэлэхдээ “Манай хоёр улс батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ажлын хүрээнд энэ сургуулилтыг хийх гэж байна” гэжээ.
Умард Солонгост илүү шахалт үзүүлэхийн тулд Солонгосын хойг орчимд Америкийн стратегийн зэвсгүүдийг байрлуулах ажлыг өргөжүүлэхээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар энэ сарын эхээр тохиролцсон билээ.
Г.Доржханд
Сэтгэгдэл (1)