2018 онд Орост болох хөл бөмбөгийн ДАШТ-д оролцох багуудын тамирчдаас авах сэргээшийн шинжилгээний бүх дээжийг Орост бус гадаад улс орны лабораторид шинжилнэ гэж Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн /ДСЭА/ ерөнхийлөгч Крейг Риди мэдэгдэв.
“ТАСС” агентлагийн мэдээлснээр, өчигдөр Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо болсон ДСЭА-ийн удирдах зөвлөлийн ээлжит уулзалтын үеэр К.Риди үг хэлэхдээ “2014 онд Бразилд болсон хөл бөмбөгийн ДАШТ-д оролцсон тамирчдаас авсан сэргээшийн шинжилгээний дээжийг өөр улс орны лабораторид шинжилсэн шиг ирэх онд Орост болох ДАШТ-д оролцох тамирчдаас авах сэргээшийн шинжилгээний дээжүүдийг гадаад улс орны лабораторид шинжлэх болно” гэжээ.
ДСЭА-аас тавьсан шаардлагуудыг бүрэн биелүүлээгүй учир Оросын сэргээштэй тэмцэх “РУСАДА” агентлагийн үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээхгүй гэдгээ ноён К.Риди өчигдөр мөн мэдэгдсэн байна.
ОХУ-ын тамирчид төрөөс санхүүжүүлсэн, зохион байгуулалттай сэргээшийн хөтөлбөрт хамрагдаж байна гэж ДСЭА-ийн шинжээчид мэдэгдсэний дараа буюу 2015 оны 11 дүгээр сард “РУСАДА”-гийн үйл ажиллагаа явуулах эрхийг ДСЭА түдгэлзүүлсэн билээ. Мөн эрхээ сэргээлгэхийн тулд 12 шаардлагыг биелүүлэхийг “РУСАДА”-д үүрэг болгосон юм. Харин “РУСАДА” хоёр шаардлагыг, тухайлбал “Оросын тамирчид зохион байгуулалттай сэргээшийн хөтөлбөр”-т хамрагдсан гэх ДСЭА-ийн шинжээчдийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна.
Орост одоо 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий бэлтгэл ажил ид өрнөж байна. Ирэх оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд Оросын Москва, Санкт-Петербург, Сочи, Казань, Саранск, Калининград, Волгоград, Донын Ростов, Доод Новгород, Екатеринбург болон Самара гэсэн 11 хотод хөл бөмбөгийн ДАШТ болох юм.
Г.Доржханд