АНУ-ын Техас мужийн Сазерлэнд Спрингс хотын Баптист сүмд үл таних этгээд гал нээсний улмаас 26 хүн амиа алдаж, 20 гаруй хүн шархдсан талаар BBC мэдээллээ. Зэвсэгт халдлага ням гарагийн цуглааны үеэр орон нутгийн цагаар 11:30 цагт болсон байна.
Халдлага үйлдсэн этгээд амиа алдсан бөгөөд эх сурвалжуудын зарим нь цагдаагийнхан буудсан гэж байгаа бол нөгөө хэсэг нь гэмт этгээд өөрийгөө буудсан хэмээн мэдээлж байна. Мөн гэмт этгээдийг хэвлэлээр 26 настай Девин Пи Келли гэж хүн байсан гэж мэдээлж байгаа ч одоогоор тодорхой болоогүй байна.
Гэрчүүдийн мэдээлснээр гэмт этгээд олон арван удаа гал нээж, хэд хэдэн удаа зэвсгээ цэнэглэсэн байна. Одоогоор түүний халдлага үйлдэх болсон шалтгаан тодорхойгүй байна. Азийн орнуудаар айлчлал хийж буй Ерөнхийлөгч Дональд Трамп "Сазерлэнд Спрингсийн иргэдийг бурхан ивээх болтугай. Холбооны мөрдөх товчоо болон хууль сахиулах байгууллагууд хэргийн газар ажиллаж байна. Би Японоос байдалд хяналт тавин ажиллаж байна" хэмээн Твиттертээ бичжээ.