Францын Наавяа компанийн үйлдвэрлэн гаргасан анхны жолоочгүй, цахилгаан автобус энэ намар худалдаанд гарахаар болсон байна. Тус бага оврын жолоочгүй өөрөө явагч, цахилгаан автобусны захиалгыг урьдчилан аваад аль хэдийн эхэлсэн юм. Компанийн зүгээс Наавяа компанийн Арма нэртэй автобус нь ямар ч дуу чимээгүй төдийгүй цахилгаан зарцуулалт бага хэмээн онцолжээ.
Арма автобусанд хөдөлгөөн мэдрэгч систем, камер, газар зүйн байршил тодорхойлогч зэрэг бусад шаардлагатай зүйлсийг тоноглож өгсөн юм байна. Ингэснээр замын хөдөлгөөнд бүрэн автомат жолоодлоготойгоор аюулгүй оролцох боломжоор хангагдсан гэж Наавяа компанийн зүгээс онцолжээ. Нэг удаагийн тээвэрлэлтээр 15 хүртэлх зорчигчийг тээвэрлэх боломжтой гэжээ.
Зохион бүтээгчдийн зүгээс, тус автобусыг эдийн засгийн хувьд хэмнэлтэй, шинэ бүтээл болж чадсан гэж онцолж байна. Энэ намраас эхлэн худалдаанд гарахаар болсон өөрөө явагч, цахилгаан автобусны үнийг хараахан мэдээлээгүй байгаа юм байна.