Умард Солонгос АНУ-ын баруун эрэгт хүрэх хүчин чадалтай баллистик пуужинг тун удахгүй туршиж болзошгүй гэж энэ долоо хоногт Пхеньянд айлчилсан Оросын хууль тогтоогч мэдэгдсэнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын аюулаас хамгаалах хүчнийхэн сонор сэрэмжээ дээшлүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна. Энэ тухай “Ёнхап” агентлаг өнөөдөр мэдээллээ.
Умард Солонгос нь гол төлөв тэмдэглэлт өдрүүд, ойн баяраар цөмийн болон пуужингийн туршилт хийдэг юм.
Энэ сарын 10-нд буюу ирэх долоо хоногийн мягмар гарагт Умард Солонгосын эрх баригч Солонгосын хөдөлмөрийн нам байгуулагдсаны 72 жилийн ой тохиох аж. Энэ ойг тохиолдуулан Умард Солонгос ээлжит туршилтаа хийж болзошгүй гэж Сөүл үзэж байна.
Өмнөд Солонгосын Засгийн газрын албаны хүн өнөөдөр мэдэгдэл хийхдээ “Хэрвээ Пхеньян дахин өдөөн хатгавал бид хатуу хариу арга хэмжээ авах болно” гэжээ.
Оросын хууль тогтоогч Антон Моросов Умард Солонгосын нөлөө бүхий албаны хүмүүстэй Пхеньянд яриа хэлэлцээ хийж ирснийхээ дараа буюу өчигдөр орой сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Умард Солонгос АНУ-ын баруун эрэгт хүрэх хүчин чадалтай баллистик пуужин харвахаар зэхэж байна.” гэсэн аж.
Түүний энэ мэдэгдэлтэй холбоотойгоор АНУ ч нөхцөл байдлыг нухацтай ажиглаж байгааг Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Кристофер Логан мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл (1)