Хэрвээ Умард Солонгос Сөүл болон Токиод цөмийн цохилт өгвөл 2 сая гаруй хүн амиа алдаж болзошгүй гэж Америкийн Жон Хопкинсын их сургуулийн АНУ-Умард Солонгосын хүрээлэнгийн “38 North” цахим хуудсанд бичсэнийг Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг уламжилжээ.
Умард Солонгос удаа дараалан цөмийн болон пуужингийн туршилт хийж буйн улмаас АНУ Пхеньяны эсрэг цэргийн ажиллагаа явуулахаас буцахгүй гэж анхааруулж байгаатай холбоотойгоор Солонгосын хойгийн байдал улам бүр хурцдаж, дайн дэгдсэн тохиолдолд хэр олон хүний амь эрсдэхийг тус их сургуулийн судлаачид тооцоолон гаргасан байна.
Уг тайланг гаргасан багийн ахлагч, судлаач Майкл Ж.Загурек хэлэхдээ “Бидний тооцоолсноор, Умард Солонгос одоо байгаа цөмийн зэвсгээрээ Сөүл болон Токиод цохилт өгсөн тохиолдолд 2.1 сая хүн амь үрэгдэж, 7.7 сая гаруй хүн шархдахаар байна” гэжээ.
Умард Солонгост одоогоор 25 цөмийн цэнэгт хошуу бий гэж тооцсоны үндсэн дээр дээрх тоон үзүүлэлтүүдийг гаргасан байна.
Г.Доржханд
Сэтгэгдэл (12)