Археологичд Санта Клаусын өвөг Гэгээн Николасын бунхныг олсон талаар шуугиж байна. Тэд Туркийн Анталья хот дахь нэгэн сүмийн газар доор нэгэн бунхан байгааг олж тогтоожээ. Энэхүү бунхан нь гэгээн Николасын бунхангийх хэмээн тааварлаж байгаа бөгөөд тэрбээр бидний нэрлэж заншсанаар Санта Клаусын өвөг юм.
IV зууны Византийн үед (одоогийн Турк) амьдарч байсан санваартан Николас ядууст өглөг өгч, буурайг тэтгэж байснаараа гэгээн хэмээн алдаршсан бөгөөд хожим энэ үзэл санаа нь орчин үеийн Санта Клаус хэмээх үлгэр домгийн баатрыг бий болгосон гэдэг.
Анталья хотын Демре дүүрэгт байдаг уг сүм нь гэгээн Николасын төрсөн газраас холгүй оршдог аж. Гэгээн Николасын цогчин дуган одоо ч сүндэрлэж буй Италийн Бари хотоос гэгээний шарилыг далайчид нууцаар зөөж, Антальяд аваачсан гэсэн яриа байдаг.
Өглөгч гэгээн Николасын нэрээс Нидерландын Синтерклаас домгийн баатар үүсэлтэй бөгөөд хожим Синтерклаас нь Санта Клаус болон өөрчлөгдөж, цагаач иргэдийн ачаар АНУ болон колони орнуудад дэлгэрсэн гэдэг.