NBA болон Тоглогчдын холбоо өнөөдөр мэдэгдэл хийж, 2018 онд Лос Анжелес хотод болох Бүх оддын тоглолт шинэ форматаар зохион байгуулагдах болсныг зарлалаа. Ирэх жилээс эхлэн Бүх оддын тоглолтонд Өрнөд, Дорнод бүсийн багууд хоорондоо тоглохоо больж байгаа юм.
Багийн хоёр ахлагч хөгжөөн дэмжигчдээс хамгийн өндөр оноо авсан тоглогчдоос сонголтоо хийж багаа бүрдүүлэхээр болсон байна. Сонголт хийхэд тухайн тоглогчийн аль бүст тоглодог нь хамаарахгүй юм. Өрнөд болон Дорнод бүсээс хамгийн өндөр санал авсан нэг нэг хүн багийнхаа ахлагчаар нэрлэгдэнэ.
NBA-ийн 67 дахь Бүх оддын тоглолт 2018 оны 02-р сарын 18-нд Стэплес центрт зохион байгуулагдах бөгөөд ТНТ телевиз тус арга хэмжээг 16 дах жилдээ шууд дамжуулна.
Тоглогчдын холбооны ерөнхийлөгч, Хьюстен Рокетс багийн тоглогч Крис Пол “Тоглогчид болон лигийн удирдлагын Бүх оддын тоглолтыг сайжруулах үүднээс хийж буй алхмуудад талархаж байна. Бид бүхний гол зорилго бол тэр. Лос Анжелест сонирхолтой үзүүлбэр үзүүлэхийгтэсэн ядан хүлээж байна.” гэжээ.
Бүх оддын тоглолтонд шинээр оруулсан өөр нэг журам бол тус арга хэмжээний орлогыг сайн үйлсэд хандивлах юм. Баг тус бүр Лос Анжелесын бүс дэх сайн үйлсийн байгууллагуудаас сонгож тухайн хот дах тусламж хэрэгтэй хүмүүст хандивлана.
24 Бүх одод тоглогчдыг сонгох үйл явц өөрчлөгдөөгүй бөгөөд бүс тус бүрээс 12 тоглогч сонгогдоно. Баг тус бүр хоёр хамгаалагч, гурван самбарын тоглогч гэсэн гарааны бүрэлдэхүүнтэй байна. Нийт 10 тоглогч гараанд сонгогдох бөгөөд 50 хувь нь хөгжөөн дэмжигчдийн санал асуулга, 25 хувь нь одоо тоглож буй тоглогчдын санал, 25 хувь нь хэвлэл мэдээллийн саналаар шийдэгдэх юм.
Сэлгээний тоглогчдыг NBA-ийн дасгалжуулагчдын саналаар тодруулдаг дүрэм өөрчлөгдөөгүй. Өмнөх жилүүдтэй ижил дасгалжуулагч нар сэлгээнд хоёр хамгаалагч, гурван самбарын тоглогч, дурын байрлал дээр хоёр тоглогч сонгоно.
ТНТ телевиз 2018 оны Бүх оддын тоглолтын гараанд гарах тоглогчдын нэрсийг 01-р сарын 18-нд зарлах бол сэлгээний тоглогчдыг 01-р сарын 23-нд зарлана. Харин Бүх оддын тоглолтын санал асуулга 12-р сарын 25-нд болох зул сарын тоглолтуудын өмнө эхэлнэ.
Бүх оддын багийг дасгалжуулах дасгалжуулагчдыг ч мөн хуучин журмаар тодруулна. Бүх оддын тоглолт эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө өөр өөрсдийн бүстээ хамгийн өндөр амжилттай явж буй хоёр багийн дасгалжуулагч Бүх оддын багийг дасгалжуулна.