Испанийн Каталони мужийн тусгаар тогтнолын асуудлаар өнгөрсөн ням гарагт явуулсан бүх нийтийн санал асуулгын үр дагаварыг шийдвэрлэхийн тулд олон улсын оролцоо дэмжлэгийг тус мужийн захирагч хүссэн тухай "Ройтерс" агентлаг мэдээлэв.
Санал асуулгын урьдчилсан дүнгээс харахад нийт саналаа өгсөн иргэдийн 90 гаруй хувь нь тусгаар тогтносон улс болохыг дэмжсэн байна. Каталони мужийн захирагч Карлес Пьигдемон уг санал асуулгын үр дүнг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж хэвлэлийн бага хурал дээр онцлон тэмдэглэсэн байна.
Мөн тэрбээр ард иргэд болон цагдаагийнхны хооронд мөргөлдөөн үүсч, хэдэн зуун хүн гэмтэж бэртэж, нөхцөл байдал хүндэрч байгаа тул бусад улсын зүгээс энэ хэрэгт оролцон дэмжлэг туслалцаа үзүүлэхийг уриалсан байна. Харин Испанийн засгийн газрын зүгээс уг санал асуулгыг хууль бус бөгөөд хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй гэсэн байр суурьтай байгаа юм.