Хятадын баруун өмнөд хэсэгт байрлах Сычуань мужид дэлхийд хамгийн өндөрт байрлах туннель барьж, мягмар гарагт буюу уг төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 15 жилийн дараа нээлтээ хийлээ гэж "Шиньхуа" агентлаг мэдээллээ.
Уг туннель нь Чинхай-Түвдийн тэгш өндөрлөг газарт орших Чола уулыг нэвтлэн гарсан бөгөөд 7 км урт хонгил болон 5 км урт бусад туслах замуудаас бүрдсэн юм. Түвдэд чола гэдэг нь бүргэд ч дээгүүр нь нисч үл чадах тийм өндөр гэсэн утгыг илэрхийлдэг ажээ. Уг уулын оргил нь далайн түвшнээс дээш 6 168 метр өндөрт байдаг бөгөөд жилийн 8 сард нь цасаар хучигдсан байдаг.
Тухайн туннель нь 4000 метрийн өндөрт байгаа тул хонгилын урт хийгээд далайн түвшнээс дээш өндөрт хүчил төрөгч дутмаг, хүйтэн байдаг зэрэг бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж туннелийг барьсан гэж барилгын төслийн ерөнхий зохион бүтээгч Вэй Яньчин хэлсэн байна.
Төслийн нийт өртөг 1.28 тэрбум юань буюу 196.9 сая ам.доллар болсон гэж уг төслийг хэрэгжүүлсэн нутгийн захиргаа болох Түвдийн өөртөө засах орны Гарзе мужийн зам тээврийн товчооны дарга Ван Циан мэдээлжээ.
Уг 2 урсгалтай туннелиэр зорчих хурдны дээд хязгаар нь 40 км/цаг бөгөөд хонгилыг нэг талаас нөгөө тал руу нэвт гарахад нийт 10 минут зарцуулах юм. Энэ зам нээгдэхээс өмнө газрын гулгаа ихтэй, цасан шуургатай, халтиргаатай мөстэй замаар уулыг тойрон явахын тулд 2 цаг болон түүнээс дээш хугацааг зарцуулдаг байсан ажээ.
Х.Сарнай
Сэтгэгдэл (2)