Парламентын доод танхимыг тарааж, хугацаанаас нь нэг жилийн өмнө ээлжит бус сонгууль хийхээр төлөвлөж байгаагаа Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдсэнийг тус улсын “Киодо” агентлаг уламжиллаа.
Тэрбээр өчигдөр орой мэдэгдэл хийхдээ “Манай улсын өмнө тулгамдаж буй хамгийн том асуудлууд, тухайлбал хүн амын хөгшрөлт, төрөлтийн бууралт болон аюулгүй байдлын асуудлуудыг даван туулахын тулд ээлжит бус сонгууль явуулах шаардлагатай байна. Есдүгээр сарын 28-нд парламентын доод танхимыг тараана” гэжээ.
Умард Солонгостой холбоотойгоор бүс нутгийн байдал хурцадмал байгаа энэ үед Ш.Абэ дээрх мэдэгдлийг хийлээ. Умард Солонгос нь саяхан Япон улсын нутаг дэвсгэрийг давуулан Номхон далай руу хоёр удаа баллистик пуужин харваж, цөмийн туршилт хийсэн юм. Умард Солонгос аюул заналхийлэх нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай холбоотойгоор улс төрийн байдал тогтворгүй болохоос урьдчилан сэргийлэх үүднээс Ш.Абэ ээлжит бус сонгууль хийх гэж байна гэж ажиглагчдын зарим нь үзэж байна.
Гэхдээ Ш.Абэ хэлэхдээ “Сонгуулийг ардчиллын зарчимд тулгуурлан явуулдаг. Сонгууль хийх болсон нь Умард Солонгостой шууд холбоогүй” гэжээ.
Цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө эргэлт буцалтгүйгээр бүрэн татгалзах хүртэл нь Умард Солонгост Япон улс шахалт үзүүлсээр байх болно гэж тэрбээр мөн мэдэгдсэн байна.
“Киодо” агентлаг саяхан сонгогчдын дунд санал асуулга явуулсан байна. Уг санал асуулгад оролцогчдын 64.3 хувь нь Ш.Абэгийн ээлжит бус сонгууль хийх төлөвлөгөөг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол 23.7 хувь нь дэмжсэн байна. Ээлжит бус сонгуулийг ирэх сарын 22-нд хийхээр товложээ. Харин сонгуулийн кампанит ажил 10 дугаар сарын10-наас албан ёсоор эхлэх аж.
Г.Доржханд