АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн бөгөөд ахлах зөвлөх Жаред Кушнер албан ажлаа гүйцэтгэхдээ хувийн цахим шуудангийн хаягаа ашиглаж байсныг өмгөөлөгч нь дэлгэлээ гэж “Ассошиэтэд пресс” агентлаг мэдээлжээ.
Ж.Кушнер нь Д.Трампын ууган охин Иванка Трампын нөхөр бөгөөд ерөнхийлөгчийн ахлах зөвлөх нь билээ.
Ж.Кушнер Цагаан ордонд албан ажлаа гүйцэтгэхдээ хувийн цахим шуудангийн хаягаа ашиглаж байсан гэж түүний өмгөөлөгч Аббе Лоуэлл ярьсан аж.
Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хувийн цахим шуудангийн хаягаа ашигласан гэж өнгөрсөн онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоныг сонгуулийн кампанит ажлын үеэр Д.Трамп удаа дараалан шүүмжилж байсан билээ. Хувийн цахим шуудангийн хаягаа ашигласан гэх энэ хэргийг Холбооны мөрдөх товчоо шалгасан ч түүнд ямар нэгэн ял шийтгэл ногдуулалгүйгээр хэргийг хааж байв.
Цахим шуудангийн хаягтай холбоотой энэ дуулиан Х.Клинтоныг сонгуульд ялагдахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж ажиглагчид үздэг юм.
Г.Доржханд
Сэтгэгдэл (1)