Тайландын экс Ерөнхий сайд 50 настай Ийнглак Чинават өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт болсон шүүх хуралд оролцоогүй. билээ. Шүүх хурлын үеэр Ийнглакийн өмгөөлөгч нь түүнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас ирээгүй гэж тайлбарласан ч, шүүгч “Шүүх бүрэлдэхүүн түүнийг эрүүл мэндийн шалтгаантай гэдэгт итгэхгүй байна. Тиймээс саатуулах шийдвэр гаргалаа” хэмээсэн байдаг. Мөн шүүх хурлыг есдүгээр сарын 27-ныг хүртэл хойшлуулсан юм. Тэгвэл Ийнглак аль хэдийнэ гадаад руу оргон зайлсан нь тодорхой болжээ.
Түүнийг гадаад улсад орогнож буйг нь “Франц пресс” агентлагт мэдээлсэн байна. Тодруулбал, “Ийнглак Тайландад байхгүй. Магадгүй одоо Сингапурт байгаа байх” гэж ярьжээ. Тус улсын цэргийн дэглэмийн удирдагч, Ерөнхий сайд Прают Чан О’Чагийн мэдэгдсэнээр тэд Ийнглакийг эдүгээ яг хаана байгааг нь мэдэхгүй байгаа бөгөөд хилийн хяналт шалгалтаа чангатгахыг үүрэгдсэн байна. Ийнглак Чинават хөрш Сингапураар дамжин гадны улс оронд орогнож байх магадлалтай гэнэ.
Түүний ах мөн экс Ерөнхий сайд Таксин Чинават авлигын хэргээр шүүхээс хоёр жилийн ял сонссон ч, 2008 оноос хойш гадаад улсад орогнож байгаа билээ. Харин Ийнглак Чинават шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол хамгийн ихдээ чанга дэглэмтэй хорих ангид 10 жил хоригдож, улс төрд насан туршдаа орохыг нь эрхгүй болж магадгүй юм. Ингэснээр 10 гаруй жилийн турш Тайландын улс төрд нөлөөллөө хадгалж ирсэн Таксинд томоохон цохилт болно гэж ажиглагчид үзэж байна.