Боксын ДАШТ Германы Ханбург хотноо эдгээр өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг ДАШТ-д дэлхийн 280 шилдэг ширэн бээлийтэн хүч үзэж байна. Манай улсаас Риогийн олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай /60 кг/, ОУХМ Б.Чинзориг /64 кг/, Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нарын дөрвөн тамирчин хүч, ур чадвараа сорихоор эрх аваад байгаа билээ. Тэд энэ оны дөрөвдүгээр сард Узбекстанд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс ДАШТ-д оролцох эрхээ авсан юм.
Манай ширэн бээлийтнүүдийн салхийг хагалж ОУХМ Б.Түвшинбат ДАШТ-ий эхний тулаанаа бямба гарагийн шөнө хийлээ. Тэрбээр Польшийн боксчин Кивиор Дамиантай тулалдаж илт давуугаар буюу 5:0 яллаа. Манай тамирчин шөвгийн наймд үлдэх тулаанаа наймдугаар сарын 28-ны үдээс хойш ДАШТ-ий хүрэл медальт Азербайжаны Багиров Парвизтэй хийнэ.
Мөн 64 кг-д хүчээ үзэж буй ОУХМ Б.Чинзориг нэгдүгээр тойрогт гоц мөргөж, улмаар шигшээ наймд үлдэх тулаан хийж, ялалт байгууллаа. Манай тамирчин Унгарын Ковач Ричардтай тулалдаж 5:0 илт давуугаар ялсан байна. Хагас шигшээ цаашлаад медалийн төлөө өрсөлдөх тоглолтоо Европын аварга цолтойгоор дэлхийн аваргад өрсөлдөж буй Армяны Ховханис Бачковтой наймдугаар сарын 29-нд хийх юм байна.
ОУХМ Г. Ган-Эрдэнэ эхний тойргоо өнжиж хоёрдугаар тойрогтоо Гондурасын тамирчин Байрон Молина, Туркийн Мухаммед Унлу нарын хэн ялсантай нь тулалдахаар оноолт таараад байгаа бол МУГТ Д. Отгондалай мөн л эхний шатыг гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Израйлийн боскчин Павел Ишенко, БНХАУ-ын боксер Шань Жунь нарын ялсантай тулах юм байна.
Сэтгэгдэл (1)