Энэтхэг улсад гахайн томуу өвчний дэгдэлт ихсэх хандлагатай байгаа бөгөөд өнгөрсөн 8 дугаар сарын хугацаанд уг өвчнөөр нас барагсдын тоо 1094-т хүрчээ.
Өнгөрсөн 3 сарын хугацаанд 342 хүн уг өвчний улмаас амиа алдсан байна. Нийт улсын хэмжээнд уг өвчний 22 186 тохиолдолд бүртгэгдээд байгаа юм. Энэ оны байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад уг өвчнөөр нас барагсдын тоо 4 дахин нэмэгдсэн байна. 2016 оны мөн үед уг өвчний тохиолдол багасч байжээ.
Энэтхэгийн баруун муж Махараштра уг өвчинд хамгийн их өртөөд байгаа бөгөөд, нас барагсдын тоо 437-д хүрсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна. Түүний хөрш Гужарата мужид 297 хүн нас барсан байна.
2 жилийн өмнө гахайн томуу өвчин Энэтхэгт маш хүчтэй тархаж эрүүл мэндийн салбарын ажилтнууд уг өвчний тархалтыг зогсоохын тулд их хүчин чармайлт гарган ажилласан бөгөөд 1900 хүн уг өвчнөөр нас барж байсан аж. 2016 онд гахайн томуу өвчнөөр нас барагсдын тоо 265, уг өвчнөөр өвчлөгсдийн тоо 1786 болж харьцангуй багасч байсан бол харин энэ оны тоо баримтаас үзэхэд уг өвчний тархалт ихсэж байгаа юм.
2009-2010 онд Энэтхэгт уг өвчний тархалт дээд цэгтээ хүрч 50 мянган хүн халдвар авч 2700 гаруй хүний амийг авч одсон байна.
Х.Сарнай