Хато нэртэй хар салхинд Хонконгийн тэнгэр баганадсан барилгууд өртөж, гудамж талбай сүйдэн мянга мянган хүмүүс орон гэрээсээ дайжин хоргодох байр руу дүрвэх болсноор барахгүй 10 гаруй хүн амиа алдсан байна.
Уг хар салхи нь Хятадын өмнөд нутгийг дайран зам харгуйг сүйтгэжээ. Тус хар салхи нь Хонконгийн хар салхины 10 дугаар зэргийн түгшүүрт тооцогдож байгаа бөгөөд сүүлийн 20 жилд санхүүгийн томоохон асуудал үүсгэж буй 3 дахь удаагийн тохиолдол болж байгаа юм.
Макаод 5 хүн тоглоомын төвд амиа алдаж, машинууд усанд живж, хүмүүс гудамжаар сэлж байгаа зураглал олон нийтийн сүлжээгээр тархаад байна. Томоохон казиногийн төвүүд нөөц цахилгаан үүсгүүрээр ажиллаж эхэлжээ. Макаогийн удирдлагууд тус гамшигт явдлын талаар мэдээлэхдээ нэг хүн нурсан хананд даруулж нас барсан, өөр нэг хүн 4 давхар байшингийн дээврээс унаж харин нэг иргэн ачааны машинд мөргүүлж амиа алдсан гэжээ. Амиа алдсан өөр хүмүүсийн талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.
Тус улсын цагдаагийн байгууллага өмнө нь болсон далайн шуурга хөрш Хонконг улсаар дамжин орж ирэх үед 83 настай эрэгтэй далайд унаж амиа алдсан тухай мэдээлсэн бөгөөд далайн шуурга, салхи борооноос болж тус улсад 120 гаруй хүн бэртэж гэмтжээ.
Хятадын Гуандун мужид 4 хүн амиа алдаж 26 817 хүнийг хоргодох байр руу нүүлгэн шилжүүлсэн бөгөөд 2 сая орчим айл өрх тог цахилгаангүй болсон байна.
Х.Сарнай