“Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхон алтан медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр Парисын дэвжээнд эхлээд Энэтхэгийн Шилпи Шераныг 10:0-ээр, дараа нь Шведийн Хенна Йоханссоныг 6:2-оор, 1/4 шигшээ барилдаанд Нигерийн Блессинг Оборудудуг даралтаар цэвэр ялаад байсан. Тэгвэл дөнгөж сая хагас шигшээд Пан Америкийн наадмын алт, хүрэл медальт, Пан Америкийн дөрвөн удаагийн аварга Колумбийн Жаклин Кастильог оноогоор цэвэр (13:0) ялснаар шигшээ барилдаанд шалгарав. Шигшээ барилдаан монголын цагаар шөнийн 01:00 цагт эхэлнэ. Медалийн төлөөх барилдааныг ETV телевиз шууд дамжуулна.
Сэтгэгдэл (6)