АНУ-ын Батлан хамгаалах яам “B-1B Lancer“ бөмбөгдөгч онгоцоор Умард Солонгосын хорь орчим цэргийн объектуудад сануулах цохилт өгөх төлөвлөгөөг боловсруулжээ. Энэ тухай лхагва гарагт Америкийн NBC телевиз мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, дээр дурдсан цэргийн нисэх онгоцуудыг ашиглах нь уг төлөвлөгөөний гол чухал хэсэг нь ажээ. Номхон далайн Гуам арал дээр байрладаг Андерсен агаарын цэргийн баазад “B-1B Lancer“ бөмбөгдөгч онгоц зургаа байдаг байна. 5 дугаар сарын сүүлчээс хойш дээрх бөмбөгдөгч онгоцууд ийм цохилт хийх бэлтгэл сургуулилтын нислэгийг 11 удаа үйлджээ. Хамгийн сүүлд 8 дугаар сарын 7-нд хийсэн байна.
Тус телевизийн мэдээлснээр, хэрвээ АНУ үнэхээр Умард Солонгост цохилт өгөхөөр болох юм бол уг ажиллагаанд хиймэл дагуул, нисэгчгүй нисэх аппаратууд, сөнөөгч нисэх онгоц, тагнуулын нисэх онгоцыг ашиглах ажээ. Тэргүүн ээлжинд Умард Солонгосын пуужин хөөргөх талбай, туршилтын цогцолборууд, туслах барилга байгууламжууд цохилтын бай болох юм. Америкийн тагнуулчид дээр дурдсан объектуудын байрлалыг нарийн тогтоосон гэдэгтээ итгэлтэй байгаа ба тэдгээр мэдээллийн заримыг нь Умард Солонгосын саяхны пуужингийн туршилтын талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийн гаргаж авсан байна. Энэ тохиолдолд Пентагонд хэрхэх тухай өөр төлөвлөгөөнүүд ч байгаа аж.
О.Барс
Сэтгэгдэл (4)