Энэ сарын дундуур гэхэд АНУ-ын эзэмшлийн Гуам арлын зүг дөрвөн пуужин харвахад бэлэн болно гэж Умард Солонгос мэдэгдсэн байна. Умард Солонгосын ардын арми мэдэгдэл хийхдээ "Хэрвээ удирдагч Ким Жөн Ун тушаал өгвөл “Хуасон-12” пуужингуудыг Японы газар нутгийг давуулан хэзээ мөдгүй харвах болно. Пуужингууд Гуамаас 30 км зайтай усанд газардана" гэжээ.
Өнгөрсөн сард хоёр удаа тив алгасах баллистик пуужин хөөргөн туршсантай нь холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Пхеньяны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан юм. Тодруулбал, тус улсаас нүүрс, төмрийн хүдэр, хар тугалга болон далайн гаралтай бүтээгдэхүүн зэрэг ашигт малтмалыг импортлохыг бүрэн хориглосон билээ.
Энэ хориг арга хэмжээний улмаас Пхеньян болон Вашингтон хоорондын харилцаа хурцдаад байна. Дээрх мэдэгдэлтэй холбогдуулан АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жим Маттис “Пхеньяны үйлдэл сайн зүйлд хүргэхгүй. АНУ ба түүний холбоотнуудын эсрэг ямар ч дайнд Пхеньян “хөөрхийлөлтэйгөөр ялагдах” болно” гэсэн байна.
Пхеньян энэ мэдэгдэлдийн дараа “Манай улсын арми наймдугаар сарын дундуур гэхэд энэ төлөвлөгөөгөө бүрэн биелүүлэх болно. Удирдагч Ким Жөн Ун хэзээ тушаал өгөхийг хүлээж байна. Бид “Хуасон-12” пуужингуудыг Японы Шиманэ, Хирошима болон Коичи мужуудыг давуулан харвах болно. Пуужингууд 1065 секундэд 3356.7 км замыг туулна” гэжээ.
Г.Доржханд
Сэтгэгдэл (5)