Нью-Йоркийн тэнгэр баганадсан өндөр барилгуудыг дүрсэлсэн Дональд Трампын гар зураг дуудлага худалдааны явцад 29 200 доллароор зарагджээ. Энэ тухай пүрэв гарагт уг арилжааг зохион байгуулсан “Nate D.Sanders Auctions” дуудлага худалдааны компанийн төлөөлөгч мэдээллээ.
Түүний ярьснаар, уг гар зураг нь голд нь Trump Tower байрласан Нью-Йоркийн тэнгэр баганадсан өндөр барилгуудыг дүрсэлсэн сонирхогчийн гар зураг мөн ажээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй уг зургийг алтан шаргал өнгийн фломастераар зурсан байна. Жаазалсан уг гар зураг анзаарагдах төдий толбо, баруун тал нь үл ялиг сэмэрснийг эс тооцвол ямар ч элэгдэлгүй шинэхэн хэвээрээ байгаа аж. Хэдийгээр дээрх гар зураг энгийн боловч “ховор зурагт тооцогдож байгаа, учир нь Д.Трамп ердөө хэдхэн зураг зурсан байдаг” гэж дуудлага худалдааны компани баталж байгаа юм. Уг бүтээлийн анхны үнэ 9000 доллар байсан ба худалдан авагчийн нэрийг нууцалсан байна.
Д.Трамп уг гар зургийг Ерөнхийлөгч болохоосоо бүр өмнө буюу 2005 онд болсон нэгэн буяны арга хэмжээний үеэр бүдүүвч маягаар зурж байжээ. Буяны үйлсэд мөнгө хандивлах зорилготой хүлээн авалтыг 9 дүгээр сард тэмдэглэдэг Олон улсын бичиг үсгийн өдрийг тохиолдуулан “Pitney Bowes” компани зохион байгуулсан аж. Тус компани нэртэй урлагийн зүтгэлтнүүд, тамирчид, зохиолчид, зураач, улс төрчдөөс өөрсдийн гарын үсэгтэй ямар нэгэн өвөрмөц зүйлийг хийхийг хүсчээ. Хожим нь эдгээр бүтээлүүдээс дуудлага худалдаанд тавигдаж байсан ба тэдгээрээс олсон орлогыг АНУ, Канад улсад бичиг үсэг үл мэдэх устгах төвүүдэд хандивласан байна.