Хойд Солонгосынхон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд цаазын ял оноохыг шаардлаа. Пхеньян түүнийг удирдагч Ким Жөн Уны амь насыг бүрэлгэхээр төлөвлөж байсан хэмээн буруутгаж байгаа юм.
Мөн өнгөрсөн лхагва гарагт Умард Солонгосын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэгдсэн мэдэгдэлд “Пакийг шилжүүлэн өгөхийг Өмнөд Солонгосоос шаардаж байна” гэжээ. Уг мэдэгдэлд “Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак манай улсын удирдагчийн эсрэг төрөөс санхүүжүүлсэн аймшигтай террорист халдлага үйлдсэн. Тиймээс хоёр Солонгосын харилцааг харгалзан үзсэний үндсэн дээр Өмнөд Солонгосын тал бидний тавьсан шаардлагыг үл тоомсорлох ёсгүй” гэжээ.
Уг мэдэгдлийг Умард Солонгосын Улсыг аюулаас хамгаалах яам, Нийгмийг аюулаас хамгаалах яам болон Ерөнхий прокурорын газрын нэрийн өмнөөс гаргасан байна.