Японы эзэн хаан Акихитогийн ууган ач охин, гүнж Мако их сургуулийн ангийн найз залуутайгаа сүй тавих талаар мэдээлэл цацагдаад байгаа билээ. Тэгвэл тэд сүй тавих гэж байгаагаа ирэх сарын 8-нд албан ёсоор зарлана гэж эзэн хааны ордны захиргаа мэдээлжээ.
25 настай гүнж Мако, түүний найз залуу 25 настай Кэй Комуро нар тэр өдөр хамтдаа хэвлэлийн бага хурал зохион байгуулах гэнэ. Уг нь ирэх намар зарлахаар төлөвлөөд байсан ч гүнжийн эцэг эх нэгэнт олны анхаарлын төвд орсон асуудал тул хугацааг наашлуулахыг зөвлөсөн гэжээ.
Сүй тавих залуу Комуро нь гүнжтэй Токиогийн Христийн их сургуульд нэг ангид сурч байсан. Одоо тэр Хитоцубашигийн их сургуулийн төгсөх ангид сурахын хажуугаар Токиогийн хуулийн компанид ажилладаг юм байна.
Харин Мако гүнж Токиогийн их сургуулийн музейд судлаачаар ажилладаг. Жирийн иргэнтэй гэр бүл болсноор Мако язгууртны хэргэмээ алдах ба эзэн хааны гэр бүлийн 19 гишүүн нэгээр хорогдож 18 болох юм.