Өнөөдөр “Дэлхийн дүрвэгчдийн өдөр” тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан улс орныхоо дотоодод болон гадаад улсууд руу дүрвэсэн хүмүүсийн тоог гаргажээ. Зэвсэгт мөргөлдөөн, хавчлага мөрдлөг болон бусад шалтгааны улмаас дэлхийн хэмжээнд 2016 онд 65.6 сая хүн орон гэрээсээ дүрвэжээ.
Тодруулбал Сири улсаас хамгийн олон буюу 5.5 сая хүн дүрвэсэн байна. Энэ нь өмнөх оныхоос 650 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт юм. Өмнөд Суданы 3.3 сая гаруй иргэн өнгөрсөн онд дотооддоо болон гадаад руу дүрвэсэн байна. Энэ нь 2015 оныхоос 800 мянга гаруйгаар нэмэгдсэн тоо юм. 2016 оны долдугаар сард тус улсын нийслэл Жуба хотод томоохон хэмжээний зэвсэгт мөргөлдөөн дэгдсэнээс хойш дүрвэгчдийн тоо эрс нэмэгджээ.
Өнгөрсөн жилийн уг тайланд Иргэний дайнд нэрвэгдсэн Сири улс 11.7 сая орчим дүрвэгчтэйгээр жагсаалтын эхэнд бичигдэж байсан бол Колумб 7.2 сая дүрвэгчтэйгээр удаад нь орж байжээ.“Лалын улс” бүлэглэлийн босогчдын нөлөө өсөн нэмэгдсээр байгаа Иракийн хувьд өнгөрсөн жил 4.9 сая хүн дотооддоо болон гадаад руу дүрвэсэн байна.